Монгол Улсын гадаад өр болон бусад төрлийн олон улсын санхүүгийн үүргүүд нь Монголд хүний бүх эрх, тэр дундаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангуулахад хэрхэн нөлөөлж байгааг НҮБ-ын Гадаад өр ба хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски энэ сарын 2-11-ний хооронд анхдагч эх сурвалжуудтай уулзаж судалсан байна. Тэрбээр судалгааны урьдчилсан дүгнэлтүүдийг өнөөдөр танилцууллаа.
Өнөөгийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр ДНБ-ний 220 хувьтай, Засгийн газрын гадаад өр ДНБ-ний 58.9 хувьтай тэнцэж буй нь түгшүүртэй асуудал биш юм.
Гэхдээ Монгол Улс эдийн засгийн хямралаас гарахын тулд Монгол Улс ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, бусад орнуудын зээл тусламжийг оролцуулаад нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг аваад байгаа юм.
Уг зээл тусламжийг зөв зүйтэй зарцуулахад анхаарч байгаа ч судалгаа шинжилгээ, технологи, инновацид зориулан ДНБ-ний 0.2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг зарцуулсан байна. Иймд энэ салбарын хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх хэрэгтэй.
Монгол Улсын Засгийн газарт хандаж хэлэхэд өсөн нэмэгдэж байгаа татварын тогтолцоог нэмэгдүүлэх хэрэгтэйг зөвлөмөөр байна. Тодруулбал, Монгол Улсад гурав хүртэлх тэрбум төгрөгийн орлоготой компанийн орлогын татвар 10 хувь, түүнээс дээш орлоготой бол 25 хувийн татвар төлж байна. Засгийн газар энэхүү хязгаарыг 6 тэрбум төгрөг болгон өөрчилж, илүү олон тооны компаниуд 10 хувийн татварын үр шимийг хүртэх боломж бүрдүүлэхийг зорих хэрэгтэй.
Түүнчлэн татварын өршөөлийн хуулийг олон удаа баталсан болоод татварын өршөөл, татварын өршөөлд хамрагдсан татвар төлөгчдийн тухай мэдээлэл олон нийтэд ил тод биш байгаад сэтгэл зовниж байна.
Дунджаар нийт хүн амын гуравны нэг нь ядуу зүдүү амьдарч байгаа, түүний дотор зарим бүс нутагт нийт хүн амын бараг л тал хувь нь ядуурлын түвшингээс доогуур түвшинд амьдарч буйд сэтгэл зовниж буйгаа дурдав.
Монгол Улсын Засгийн газар, хувийн байгууллагууд, ард иргэд нь өртэй байна. Засгийн газар өртэй байгаа ч энэ өрөө төлөх ёстой. Уг өрийг төлөхийн тулд төсвийн бүрдүүлэлт хийхдээ уг өрийг хэрхэн төлөх талаар анхаарах хэрэгтэй хэмээн НҮБ-ын Гадаад өр ба хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски дурдав. Түүний тайлан ирэх арваннэгдүгээр сард дуусах бөгөөд Монгол Улсын газарт танилцуулан ирэх оны гуравдугаар сард НҮБ албан ёсоор илтгэл тавих ажээ.