Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станц 2011 онд тохиосон газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас сүйдэж, хайлсан реакторуудыг хөргөхийн тулд сая тн гаруй ус ашигласан юм. Цацраг идэвхт бодис шингэсэн сая гаруй тн усыг аварга том нөөцлүүр савуудад хадгалж байгаад 2022 он гэхэд агуулах савыг суллахаар болжээ.
Япон улсын Хүрээлэн буй орчны яамнаас нөөцлүүрт хадгалагдаж буй цацраг идэвхт бодистой усыг Номхон далайд урсгасан нь эрсдэл багатай гэж үзжээ. Гэвч уг саналыг загасчид төдийгүй Өмнөд Солонгосын Засгийн газар хүчтэй эсэргүүцэж байгаа бол олон эрдэмтний хувьд энэ нь хамгийн зөв, эрсдэл багатай арга юм.
Засгийн газрын мэдээгээр шийдвэр эцэслэн гараагүй гэжээ. Япон улсын түүхэнд тохиосон аймшигт байгалийн гамшгийн үеэр Фүкүшима цөмийн цахилгаан станцад устөрөгчийн дэлбэрэлт болж улмаар гурван реактор хайлсан. Цөмийн цахилгаан станцад гарсан гэмтлээс болж цацраг идэвхт бодис тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд их хэмжээний усаар реакторуудыг хөргөх шаардлагатай болсон юм.
Японы Засгийн газар станцын орчмыг бүрэн цэвэрлэх хэдэн арван жил үргэлжлэх өргөн хэмжээний арга хэмжээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх аж. 2011 оноос хойш өнгөрсөн найман жилийн хугацаанд хайлсан реакторуудаас 200 тн цацраг идэвхт бодистой усыг өдөр алхсалгүй зөөжээ. Уг их хэмжээний усанд агуулагдаж буй цацраг идэвхт бодисыг олон шат дараалалтай шүүлтүүрээр цэвэрлэсэн ч тритиум гэх цацраг идэвхт бодисын изотоп цэвэрлэгдээгүй. Тиймээс хөргөсөн усыг 2022 он хүртэл нөөцлүүр саванд хурааж, тэр үед сав дүүрэх учир гадагш асгахаас өөр аргагүй болох ажээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар шүүлтүүрт цэвэрлэсэн усыг далайд асгах нь хамгийн хор хөнөөл багатай. Мөн тритиум нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл бага үүсгэнэ гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com