Төв аймгийн Алтанбулаг сум бол Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгонтой хил залгаа бүс нутаг. Өөрөөр хэлбэл, түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайрганы үйлдвэр хамгийн ихтэй бүс нутгуудын нэг. Тэнд өнөөдрийн байдлаар 40 гаруй хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл/лиценз/ олгогджээ.
Гэвч Алтанбулаг шиг уул уурхайн тусгай зөвшөөрөл ихтэй бүс нутгийн иргэд эрүүл аюлгүй орчинд амьдрах эрх, газар нутаг, эрүүл мэндээрээ хохирч үлдэх нь түгээмэл байдаг. Тиймээс уул уурхайн олборлолт ихтэй бүс нутгийн иргэдийг мэдэлжүүлэх, уул уурхайг хариуцлагатай болгох үүднээс Төлсөн Авснаа Нийтэл/ТАН/ эвсэл Алтанбулаг суманд ажиллаж эхэлжээ. Энэ асуудлаар нь ТАН эвслийн зохицуулагч Б.Баярмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Төлсөн Авснаа Нийтэл/ТАН/ эвсэл Алтанбулаг суманд ямар зорилгоор ажиллаж байна вэ?
-ТАН эвсэл таван зүйлийг эрхэмлэж ажиллахыг зорьж байна.
1-рт, уул уурхайтай бүс нутагт олгогдсон тусгай зөвшөөрлүүд ил тод байя,
2-рт, лицензийг эзэмшиж байгаа эздийг тодорхой болгоё,
3-рт, уул уурхайн салбарт байгуулагдаж байгаа гэрээнүүдийг ил тод болгоё,
4-рт, гарч байгаа бүх шийдвэрүүдэд хуулийн дагуу орон нутгийн иргэд, олон нийтийг оролцуулдаг байя
5-рт, нутгийн иргэд эрх мэдэлтэй байя буюу уул уурхайг олборлож, ашиглаж буй үйл явцад эрх мэдэлтэйгээр оролцож мэддэг байя гэдэг зорилт тавиад ажиллаж байна.
Дээрх таван заалтыг жишиг байдлаар нэг суманд туршиж үзье. Түүний дараагаар уул уурхайтай бусад сумдад хэрэгжүүлье. Ингэснээрээ уул уурхайг хариуцлагатай, ил тод, иргэдийн оролцоотой болгох зорилготой юм.
-Алтанбулаг сумыг сонгон ажиллаж байгаа шалтгаан?
-Бид Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу хайрга, дайрганы үйлдвэр ихтэй бүс нутагт дөрвөн жилийн турш ажилласан. Тэнд үүсч буй асуудлыг хил залгаа Алтанбулаг сумруу чихдэг, түлхдэг, эзэнгүйдүүдүүлдэг л дээ.
Залгаа бүс нутагт лиценз эзэмшиж буй компаниуд хууль хэрэгжүүлэхээс зугтаж, нутгийн иргэдийг үл хүндэтгэсэн, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс болж нутгийн иргэд хохирч, байгаль орчин сүйдэж байна. Тиймээс хоёр талын захиргаатай нь хамтраад, уул уурхайн лиценз эзэмшиж буй компаниудтай нь хариуцлага яриад, түншлээд, олборлох салбарын ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлснээрээ уул уурхайтай орон нутагт хувь нэмэр оруулж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, байгаль орчноо нөхөн сэргээдэг болох чиглэлд өөрчлөлт орно гэж итгэж байна.
Энэ ажлынхаа хүрээнд Алтанбулаг сумын засаг дарга, ИТХ болон бусад мэргэжилтнүүдтэй санал солилцоод явж байхад бенефициар өмчлөгч буюу уул уурхайгаас ашиг хүртэж буй эздийг ил болгох хэрэгцээ шаардлага байгаа нь анзаарагдаж байна.
Зөвхөн Алтанбулаг сумын жижигхэн нутаг дэвсгэр дээр л гэхэд 40 гаруй тусгай зөвшөөрөл/лиценз/ олгочихсон, тэдгээрээс өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 10 нь нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан боловч гэрээг ил тод болгох, хэрэгжилтийг нь үнэлэх шаардлага байна.
Хэдийгээр орон нутаг санаачилга гарган хууль бус тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар маш олон удаа оролдож, цуцлуулсан боловч эрх мэдэлтэй компаниуд төрийн шийдвэрийг үл тоон ажиллаж байна.
Чухам орон нутаг шийдвэр гаргасаар атал түүнийг үл тоон ажиллаж байгаагийн цаана хэн эцсийн ашгийг хүртээд орон нутгийг хохироогоод байгаа вэ гэдгийг ил тод болгох шаардлага байна. Тиймээс энэ талаар мэргэшсэн төрийн бус байгууллагууд, сэтгүүлчид хамтран ажиллаж хуулиа биелүүлэхийг шаардаж ажиллана.
АМТХ-д өөрчлөлт оруулаад уул уурхайг хариуцлагатай болгох зарим алхмууд хийгдэж эхэллээ. Тухайлбал, байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа бол, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд зааснаа хэрэгжүүлэхгүй байгаа бол, нөхөн сэргээлтээ хийхгүй байгаа бол орон нутаг санал гаргаад, БОАЖЯ дүгнэлт гаргаад АМГТГ тусгай зөвшөөрлүүдийг цуцалж байна шүү дээ. Тиймээс орон нутагт хууль бусаар ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд байвал бид ажлын хэсэгт мэдээллийг нь өгөөд тусгай зөвшөөрлүүдийг нь цуцлуулах тал дээр анхаарч ажиллана.
-Таван эрхэм гэдэг зүйлийг та дурдлаа. Тухайлбал, уул уурхатай бүс нутгийн иргэд мэдээлэлгүй байснаараа, мэдлэггүй байснаараа ямар хохирол амсаад байна вэ?
-Үндсэн хуулинд заасан байдаг. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой гэж. Алтанбулаг сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулах юм уу, эсвэл газар тариалан, мал аж ахуй эрхлэх үү гэдэг шийдвэрийг нутгийн иргэд л гаргах ёстой гэсэн үг.
Байгаль орчны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль, Байгаль орчны үнэлгээний тухай хууль зэрэг олон органик хуулиудад энэ эрхийг нь баталгаажуулчихсан байдаг. Харамсалтай нь энэ эрхийг нь хамгаалсан хуулиуд амьдрал дээр төдийлөн хэрэгждэггүй. Хэн эрх мэдэлтэй нь хуулийг зөрчдөг, хэн эрх мэдэлтэй нь өөртөө ашигтайгаар хэрэглэсээр ирсэн. Үүнээс нь үүдэн нутгийн иргэд хохирдог, гомддог. Хуулиар хамгаалсан эрхээ хэрхэн эдлэх вэ, хаашаа хандах вэ гэдэг арга замаа мэддэггүй. Мэдээлэл байдаггүй.
Өөрийнх нь мал маллаж байгаа бэлчээр дээр уул уурхайн компани нүүж ирээд, хөрс хуулаад эхлэх үед л хэзээ хойно мэддэг. Тэгээд уул уурхайн компанитай зөрчилдөх, маргалдах байдал үүсдэг. Тиймээс иргэдийг буюу эзнийг хуулийн дагуу шийдвэрүүдэд оролцуулаад явах шаардлага гараад байна. Бүс нутагт нь хайгуулын тусгай зөвшөөрөл, усны дүгнэлт, газрын асуудал гарахад эхнээс нь оролцож, өөрсдийн үгээ хэлдэг байхад нь анхаарах хэрэгтэй байна.
Тухайлбал, Алтанбулаг суманд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад уул уурхайн үйл ажиллагаа явуулж байх жишээний. Сумынхан өөрсдөө шийдвэрээ гаргаад бидний отрын талбай, бэлчээрийн талбай учраас уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авъя гээд байхад л “хуульд заасан үндэслэл нь хангагдахгүй байна” гэдэг нэрийдлээр АМГТГ, Кадастр нь бүртгэж авахгүй, тусгай хэрэгцээнд авахуулахгүй эрхийг нь бүдүүлгээр зөрчиж байна. Тиймээс нутгийн иргэдийн нутаг орондоо эзэн байх хуульд заасан эрхийг нь тодорхой болгох шаардлага бий.
Нутгийн иргэдээс өөр хэн ч нутаг орноо хамгаалж, сэтгэл тавьж чаддаггүй учраас нутгийн иргэнийг мэдэлжүүлэх гэдэг чухал асуудал юм. Эзэнтэй байж байгаль орчин хамгаалагдана. Эзэнгүйдвэл үнэ цэнээ алдана, эмх замбараагүй байдал үүснэ. Хууль бус зөрчил үүсч эцэстээ овоолсон шороо, онгорхой нүх үлдээж, яаж нөхөн сэргээх вэ гэдэг асуулт л үлддэг.
БОАЖЯ сая эвдэрсэн газруудын тооллого хийхэд 345 мянган га газарт нөхөн сэргээлт хийх эзэнгүй байгааг тогтоосон. Энэ мөнгийг төсвөөс гаргах зүйл эцэстээ яригдаж байна. Тийм учраас иргэдээ мэдэлжүүлж байж, иргэд нь төр засгийнхаа шийдвэрт оролцож байж засаглалаа сайжруулдаг жамтай. Иймд бид дараагийн удаад Алтанбулаг сумын 2-р багийн нутагт яг эрх нь зөрчигдөөд байгаа иргэдийг чадавхижуулах ажлыг хийнэ. Бүтэн жил ажиллахад үр дүн гарна гэж итгэж байна.
-Уул уурхайтай бүс нутагт хийгдэж байгаа гэрээг ил болгох нь ямар ач тустай юм бэ. Иргэд бол уул уурхайн компанитай хийж буй гэрээг өөртөө хамаатай гэж төдийлөн ойлгодоггүй, сонирхдоггүй, анхаарал ч хандуулдаггүй шүү дээ?
-Гэрээг ил тод болгох асуудал дээр манай улс бусад уул уурхайтай улсуудад жишиг болдог л доо. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс бусад гэрээ ил байдаг. Iltodgeree.mn гэж нэртэй вэбсайт бий болсон. Үүн дээр уул уурхайн гэрээнүүдийг байршуулдаг.
Харин орон нутгууд уул уурхайн гэрээ хийхэд, ялангуяа том компаниудтай гэрээ хийхэд гэрээний эрх тэгш байдал алдагддаг. Магадгүй бүр үндэстэн дамнасан корпорациудтай ч гэрээ хийх шаардлага бий болдог. Тэдгээр компаниуд нь гэрээгээр мэргэшсэн, хуулийн зөвлөхтэй байдаг учраас орон нутаг гэрээгээр мэргэшсэн баг дутагддаг.
Хамгийн чухал нь гэрээ байгуулах үйл явц нь өөрөө ил тод байх ёстой. Ямар хэлцэл хийгдээд, ямар нөхцөл гэрээнд тусгагдаад, энэ нөхцөлүүд нь орон нутагт ашигтай юу, иргэдэд хэрэгтэй юу гэдэг үйл явцыг иргэд мэдэж улмаар өөрт ашигтай заалтуудыг гэрээнд суулгах хэрэгтэй л дээ. Хуулиндаа заагаад өгчихсөн зүйл. Гэтэл хэзээ хойно гэрээ байгуулаад дууссан хойноо иргэдэд мэдээлдэг, гэрээний үйл явцад огт оролцуулдаггүй муу жишиг их гарч байна. Тухайлбал, Дубайн гэрээ. Гэрээг байгуулсан хойноо л иргэдэд зарласан. Бүр гэрээний зарим зүйл заалт, нөхцөлүүдийг ч нуудаг. Гэтэл дараа нь нөгөө гэрээгээ засч, сайжруулах нь маш төвөгтэй асуудал болдог. Тиймээс гэрээг байгуулах үйл явц ил тод, нээлттэй, иргэдийн оролцоотой байж түүндээ орон нутагтаа ашигтай нөхцөлүүдийг тусгаж өгөх нь чухал байдаг.
Ер нь гэрээг байгуулах, хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийг үнэлэх бүх үйл явцад иргэдийг оролцуулах, иргэдийн хяналттай байх нь орон нутгаа хөгжүүлэх нөхцөл, суурь болдог.
Уул уурхайг хариуцлагатай, үр ашигтай болгох, орон нутгаа хөгжүүлэх нөхцөл суурь бол гэрээ. Үгүй бол ухсан хойноо хаяад явдаг байдал хариуцлагагүй уул уурхай өөрчлөгдөхгүй, яг энэ хэвээрээ л байна. Тиймээс уул уурхайн гэрээг ил тод болгох, иргэдийг оролцуулдаг байхад бид анхаарч ажиллах юм.
Төв аймгийн Алтанбулаг сум