Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалаг энэ онд Залуучуудын болон Насанд хүрэгчдийн улсын аварга болсноор эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах эрхээ авчээ. Гэвч дасгалжуулагч Б.Баттулга "Пүрэвтунгалаг ирээдүйтэй тамирчин. Гэхдээ Олимпийн эрх авах чухал тэмцээн учир өөр тамирчин явуулахаар болсон" гэж шийдвэрлэсэн байна.
Үүнээс үүдэн, ар гэрийнхэн нь хэвлэлийн бага хурал хийснийг манай сайт та бүхэндээ хүргэсэн. Харин өнөөдөр МЧБХ-ны удирдлагууд М.Пүрэвтунгалагийн аавыг хүлээн авч уулзлаа.
Учир нь М.Пүрэвтунгалаг болон ар гэрийнхэн нь Монголын чөлөөт бөхийн холбоонд энэ сарын 9-нд "Миний охин ДАШТ-нд оролцох боломжгүй болсон тул Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулахгүй байхыг хүсье" гэсэн агуулгатай өргөдөл өгчээ.
Уг өргөдлийг Монголын Чөлөөт бөхын холбоо өчигдөр 22:00 цагийн үед хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцсэн байна. МЧБХ-ны генсек Б.Батбаяр "Энэхүү хурлаар ДАШТ-ний 53 кг жинд Монгол Улс тамирчнаа зайлшгүй оролцуулах ёстой гэсэн шийдвэр гаргасан. 53кг олимпын жин. Энэ жил ДАШТ-ээс эрх авах боломжтой. Мөн бүтэн багаараа оролцвол Дэлхийн цомын эрх авах боломж бүр ч бүрдэнэ.
Нэг жинд тамирчнаа оролцуулахгүй байх асар их сөрөг үр дагавартай. Тиймээс ийм шийдвэр гаргасан юм шүү. Тэгэхдээ заавал Э.Сумъяаг оролцуулна гэж тусгаагүйг онцолъя” гэв.
Түүний хариуд М.Пүрэвтунгалангийн аав С.Мөнхбат “Ийм нөхцөлд байгааг нь, Монгол Улсаа бодоод Э.Сумъяаг ДАШТ-д оролцохыг хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ би ингээд бүхнийг орхихгүй. Э.Сумъяагийн хувьд дадлага туршлагын хувьд сайн, мундаг байгаа. Ганцхан 53 кг жин оролцох эрхийг хууль бусаар авсанд миний уур хүрч байгаа.
Монголоо бодоод явууллаа. Миний дүү олимпын эрхийг заавал авчраарай. Аваад ирсэн хойноо миний дүү зодгоо тайлаарай. Залуучууддаа зайгаа тавьж өгөөрэй. Миний энэ хүслийг биелүүлэхгүй бол тэмцлийнхээ хурц хэлбэрт орно. Өсгөлөнг сонгоно.
Сая би шүүх, цагдаад хандалгүй, миний хохирлыг барагдуулахыг хүсэхэд Монголын чөлөөт бөхийн холбоо татгалзсан хариу өгсөн. Шүүх цагдаагийн байгууллагад шалгуулах болно" гэсэн юм.
МЧБХ-ны генсек Б.Батбаяр: Хойшдоо үндэсний багийн дасгалжуулагч, тамирчин нарын ёс зүйд өндөр анхаарч ажиллах, сахилгын хэрэг үүсгэх эсэхийг хэлэлцэнэ. М.Пүрэвтунгалангийн хувьд албан бус шигшээ багт харьяалагддаг. Цаашид уг тамирчны эмчилгээ, бэлтгэлд анхаарах, шинэ залуу тамирчнаа шигшээ багт татан оролцуулах талаар анхаарч ажиллана.
Есдүгээр сарын 4-нд ДАШТ-нд оролцох тамирчдын нэрсээ нээлгээд нэрийг нь сольсон байгаа. Одоо бол Э.Сумъяагийн нэр дэлхийн бөхийн холбооны мэдүүлэгт батлагдсан байгаа. Хэрвээ Э.Сумъяагаас өөр тамирчин ДАШТ-нд очсон тохиолдолд тэр тамирчин оролцох боломжгүй болно.
-Э.Сумъяа тамирчны хувьд энэ асуудлыг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Аль болох Э.Сумъяаг энэ асуудлаас хол байлгахыг зорьж байгаа. Тамирчнаас хамаарч гарсан шийдвэр биш. Энэ бол Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан шийдвэр. Э.Сумъяагийн хувьд 29 настай ДАШТ, Олимпийн тэмцээнд оролцож байсан туршлагатай. Одоо энэ цаг үед өөрийгөө харуулах цаг нь болсон. Сэтгэл зүй, бие бялдрын хувьд хэцүү байгаа. Энэ бүгдийг давж гарахын тулд бид болон монголчууд дэмжих хэрэгтэй.
Хэрвээ М.Пүрэвтунгалагийн аавын хүслээр болсон бол энэ жил ДАШТ-ээс 53 кг-д медаль, олимпын эрх авах боломж хаагдана. Тэгээд ч барахгүй багаараа эхний VIII-д шалгарч, Дэлхийн цомын эрх авах боломж хязгаарлагдана. Нэг жин нойллоно гэдэг багийн амжилтыг хойш нь татдаг. Ямартай ч ДАШТ-ий 53 кг-д Монгол Улс тамирчнаа сойхоор боллоо.