СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-09-11

Үндсэн хуулийг өөрчлөх АИХ-ыг байгуулъя

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Т.БАТСАЙХАН

МАН-ын 62 гишүүн Үндсэн хуулийн төслийг санаачлан өргөн бариад гурван сарын хугацаа өнгөрчээ.   Чуулганаар хэлэлцэх олон чухал асуудлыг тэд хойшлуулж оруулж ирсэн.  Гэвч эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадахгүй  нь бараг л тодорхой болж байна.    Үндсэн хуулийн  хоёрдугаар хэлэлцүүлгээс эхлээд МАН-ын хагарал сэдэрч, дотооддоо нүдэлцэж эхлэв.  .  Өөрийн гэсэн улс төрийн тоглолтыг эхлүүлж,  ард түмнээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай биш  Ерөнхийлөгчийн засаглалтай холбоотой асуултыг асуухаар зүтгүүлж эхлэв.   Сөрөг хүчин ч  Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаас нэрээ татлаа.

Ийнхүү улс төрийн хүрээнд  Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө гэсэн нэгдмэл санаа үгүй болж, бүгд өөрийн замыг хөөж байна.  Тэгэхээр .

Ер нь анхнаасаа л МАН-д  Үндсэн хуулийг өөрчлөх бэлтгэл, ёс зүй, сэтгэл байгаагүй гэдэг нь улам тодорч байна.  Үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх  нарын үгнээс харж болно.    Ерөнхийлөгчийн зүгээс  Үндсэн хууль өөрчлөх байтугай МАН давамгайлсан УИХ-ыг тарахыг албан ёсоор хоёр ч удаа санал болгосон. Тухайлбал,  2018 оны аравдугаар сарын 29-нд “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах бичиг хүргүүлсэн байдаг.  Тус албан бичигт “…2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа…Мөн УИХ-ын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан ЖДҮХС-гаас сарын зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсч, иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна…” гэжээ.

Түүний дараа 2019 оны тавдугаар сарын 23-нд Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, “УИХ-ыг тар” гэдэг шаардлагаа дахин тавьсан юм.  Ерөнхийлөгчийн зүгээс анхнаасаа ийм л санаа, зорилготой байсан.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч намын гишүүддээ хандаж  “…Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй. Цаашдаа Монголын төрд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй” гэж загнасан.  Үр дүнд нь өнөөх гишүүд нь Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт бойкот хийгээд эхэлсэн байдаг.  Угаасаа л МАН-ын гишүүдийн хамгийн сайн чаддаг зүйл нь энэ юм.   Тэгэхээр яаж ч ямар ч талаас нь харсан энэ парламентад  Үндсэн хуулиа даатгаад  орхиж болохгүй юм.

Одоо бид яах  ёстой вэ.  1992  онд батлагдаж, 27 жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэж ирсэн Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны асуудал болчихоод байгаа.  Уул уурхай, улс төр, нийгэм, эдийн засаг гээд цааш хөгжихөд зайлшгүй эрх зүйн орчноо сайжруулах ёстой гэдэг дээр олонхи эрдэмтэн судлаач санал нэгдсэн.  Ёс зүйгээр маруухан, дотооддоо хямралтай, гадаадаас гар хөлтэй байж болох улстөрчдөөр  Үндсэн хуулиа өөрчлүүлбэл бараг л “амиа хорлосонтой” ялгаагүй асуудал болчих гээд байдаг. Ерөнхийлөгч,  МАН, АН  бүгдэд нь  Үндсэн хууль өөрчлөх түүхэн ажлыг хийх бэлтгэл алга.  Тэд тэгтлээ томроогүй, томоожоогүй, түүхийгээрээ байна.

Харин нэгэнт бид энэ цаг үед ирсэн учраас Ардын Их Хурлыг байгуулж, Үндсэн хуулиа өөрчлөх гарц байгаа. 1992 онд нийслэл,дүүрэг, аймаг, сум бүрийн төлөөллөөс бүрдсэн АИХ-ын 430 депутат 70 гаруй хоног хэлэлцэж Үндсэн хуулиа баталсан байдаг.   430 төлөөлөгчийн 270 нь гэхэд аймаг, сумдаас ирж, Үндсэн хуулиа батлалцаж байлаа.  Тэд өдөр шөнөгүй хуралдаж, олон саналыг авч хэлэлцсэн байдаг.   “Монгол Улс нийслэлтэй байна” гэж Үндсэн хуульд оруулж байсан ч тухайн үед Бага хурлын гишүүдийг Улаанбаатар гэдэг үгийг авч хаялаа гээд “Монгол Улс нийслэлтэй байна. Нийслэл нь Улаанбаатар байна” гэж эх хуульд оруулж өгсөн. Төлөөлөгчид иргэдийн саналыг нь авч яг л өөрсдөдөө тулгардаг бэршээлтэй асуудлыг  Үндсэн хуульдаа оруулж байсан гэдэг.  Үүгээрээ ардчилал зарчмыг хангаж байсан юм.  АИХ-ын төлөөлөгчид Үндсэн хуулийн заалт бүрийг хэлэлцэн 70 гаруй хоног хуралдаж түүхэн Үндсэн хуулийг баталсан.  Тэр хууль нь 27 жил оршин тогтнож  чадсан байдаг.

Тэгэхээр .  Тухайн үеийг  бодвол мэдээлэл технологийн салбар  харьцангуй хөгжсөн.  Хэн,  хаанаас ч холбогдох боломжтой.  Нийслэл, дүүрэг, аймаг сум бүрээс төлөөлөл бий болгож, зөвхөн  Үндсэн хуулийг өөрчлөхөөс гадна намуудын хувьд өөрсдөдөө  ашигтай хувилбараар баталдаг  Сонгуулийн хуулийг ч  энэ хэлбэрээр өөрчилье. Залуучууд, эмэгтэйчүүд, ахмад үеийнхэн гээд бүгдийнх саналыг оруулъя.  Иргэд  АИХ-ын төлөөлөгчөө сонгож, түүгээрээ дамжуулан саналаа хүргэж, эргээд “миний санал хэрхэн тусгагдсан гэдгийг” хэвлэл мэдээлэл , олон нийтийн сүлжээгээр ч хянаад явах боломжтой.

Ингэвэл  нөгөө яриад байдаг ардчилсан  зарчим нь хангагдах гээд байна.    Тэгэхгүй бол энэ удаагийн өөрчлөлт  анхнаасаа ард түмнийхээр биш нам, улстөрчдийн хүсэл сонирхлоор явж ирлээ.  Тиймдээ ч олон ашиг сонирхол огтлолцоод  Үндсэн хууль дээрдэх  битгий хэл дордох   тийшээгээ л явчихлаа.   Ер нь дан ганц нам өөрчлөөд хэзээ ч дээрдээгүй гэдгийг  2000 онд хийсэн дордохын долоон өөрчлөлт харуулдаг.   УИХ-д 72 гишүүний суудалтай одоогийн МАН дангаараа өөрчлөлт оруулсан нь түүхэнд “дордуулсан долоон өөрчлөлт” нэрээр үлдсэн билээ.  Тэгэхээр дахин намаар Үндсэн хуулийн өөрчлүүлэхээ больё. Үндсэн хуулийн өөрчлөх  АИХ-ыг ард түмэн байгуулъя.

Одоо улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын хэлбэр, МАН-ын зүгээс өнгөрсөн гурван сарын хугацаанд өөрчлөхөөр ярьсан төслөө өөрчлөх үү үгүй юу гэдгийг асууна гэж байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг ирэх сарын 30, 31-нд, гадаадад оршин суугаа иргэдийн дунд 19, 20-нд товлоод байна. Санал асуулгад Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах хэмжээний төсөв гарна гэсэн. Ингэж байхаар АИХ-ыг байгуулж, нийслэл, дүүрэг, аймаг сум бүрээс төлөөллөө авчираад , залуучууд эмэгтэйчүүдээ суулгаад, эрдэмтэн судлаачидтайгаа нэгдээд асуудлыг шууд яриад шийдчихсэн нь арай л шударга, ардчилсан зарчимд нийцнэ дээ уг нь.

2019.9.11  ЛХАГВА  №180  (6147)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.