Улс төрийн хэлмэгдэлт өртсөн хүмүүсийн үр хүүхэд, ач, зээ нар өөрсдийн эрх ашгийг хамгаалахын төлөө нэгдэж, Хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нарын эрх ашгийг хамгаалах холбоо ТББ байгуулж буйгаа өнөөдөр олон нийтэд зарлалаа.
Тэдний хувьд ганц нэгээрээ эрх ашгаа хамгаалахын төлөө тэмцэж байгаа ч үр дүн гарахгүй байгаа тул эвлэлдэн нэгдэн ТББ байгуулснаар шийдвэр гаргах түвшинд шийдвэр гаргахад түлхэц болно хэмээн үзэж байгаа юм.
2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдсан. Энэхүү хуулиар улс төрийн хилс хэрэгт холбогдож хилсээр шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр/нөхөр/, хүүхдэд 40-80 сая төгрөгийг буцаан олгохоор Монголын төр шийдвэрлэсэн.
Уг хуулиар улс төрийн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, хүүхэд нь нас барсан бол түүний үр хүүхэд, ач зээ нарт нөхөн олговрыг өгөхгүй гэж заасан байна. Энэ нь улс төрийн их хэлмэгдэгсэд, түүний үр хүүхдийг нас барсан, амьд байгаагаар ялгаварласан ноцтой, Үндсэн хууль зөрчсөн шийдвэр хэмээн тэдний зүгээс үзэж байгаа юм.
Хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нарын эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын тэргүүн М.Зундуйдаваа “Зарим хүмүүсийн хувьд гурван үеэрээ хэлмэгдүүлэлт өртөж байна. Хүний амь насыг мөнгөөр үнэлэшгүй, мөнгө авахдаа биш төр ард иргэдээ хүчирхийлсэн бол нөхөн олговор олгох нь зүйтэй. Бидний зүгээс хэлмэгдэгсдийн гурван үед нөхөн олговор олгох хэрэгтэй” хэмээн дурдсан юм.
1939 оноос өнөөг хүртэл цагаатгасан 31 208 иргэний үр хүүхэд, ач зээ нарыг Хэлмэгдэгчдийн үр хүүхэд ач зээ нарын эрх ашгийг хамгаалах холбоонд нэгдэж, эрх ашгаа хамгаалахыг уриалж байгаа гэнэ.