Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалаг энэ онд Залуучуудын болон Насанд хүрэгчдийн улсын аварга болсноор эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах эрхээ авчээ.
Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооноос Баянхонгор аймгийн харьяат “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалагийн биед хатиг гарсан, бэлтгэл дутуу гэж үзэн оронд нь ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргажээ. Уг явдлыг түүний гэр бүлийнхэн эсэргүүцэн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан юм.
М.Пүрэвтунгалагийн ээж "Охин маань есдүгээр сарын 3-нд эмчид үзүүлэхэд 4-нөөс эхлүүлэн долоо хоногийн хугацаатай эмчийн магадлагаа бичиж өгөхийн хамт дөрвөн төрлийн шинжилгээ өг гэсэн байна. Тэдгээр шинжилгээг 5-ны өдөр өгөхөд бүгд хэвийн гарсан. Гэтэл охин минь дэлхийн аваргад оролцох боломжгүй болох гэж байна. Яагаад ийм нөхцөл үүсээд байгаа талаар Б.Баттулга дасгалжуулагчтай уулзахад охиныг минь ирээдүйтэй тамирчин, гэхдээ ДАШТ-д өөр тамирчин оролцуулахаар нэрийг нь явуулсан. Олимпын эрх авах хэрэгтэй гэсэн" хариулт өгсөн.
М.Пүрэвтунгалангийн аав "Охин минь сэтгэл санааны хүнд дарамтад байна. Эмчийн акт бичүүлснээс болоод дасгалжуулагч нь дэлхийн аваргад өөр хүн явуулахаар болсон гэх хариуг сонсноос хойш бэлтгэлээ хийж чадахгүй байгаа талаараа өдөр болгон утсаар ярих болсон. Иймд өнөө өглөө Баянхонгор аймгаас шууд ирлээ. ДАШТ-д оролцох тамирчид есдүгээр сарын 12-нд эх орноосоо мордох тул түүнээс өмнө яаралтай энэхүү асуудлыг шийдэж, охиныг минь ДАШТ-д оролцуулахыг Монголын чөлөөт бөхийн холбооноос шаардаж байна.
Яагаад охиныг минь бус Э.Сумъяа явуулахаар болов. Уг асуудлыг шийдэхгүй бол миний бие охиныхоо төлөө тэмцэж Э.Сумъяаг явуулахгүй байх бүхий л арга хэмжээг авна. Охины минь оронд Э.Сумъяа явбал амиа хорлоход бэлэн байна” хэмээн уйлан хэлсэн юм.
М.Пүрэвтунгалаг “Намайг эрүүлийг эмч баталсан. Гэтэл үүгээр шалтаглан, ДАШТ-д оролцох эрхийг минь булаалаа. Би Э.Сумъяа эгчтэй бэлтгэл хийх гэж оролдсон. Бэлтгэлийн үеэр намайг зогсоож байгаад “Хүний өмнөөс битгий арсалдаад байгаарай” гэсэн. Тэгэхээр би яаж бэлтгэл хийж чадах вэ дээ. Би УАШТ-д түрүүлж, шигшээ багийнхантай анх удаа хамт бэлтгэл хийж байгаа. Тэгсэн ч сэтгэл хангалуун бус байна” гэсэн юм.
М.Пүрэвтунгалагийн хувьд анх удаа улсын шигшээд багтаж, ДАШТ оролцох эрхээ авсан ч ямар тамирчид оролцохыг Монголын чөлөөт бөхийн холбоо шийддэг аж.