"Өгөөмөр" захынхан нийтийн эзэмшлийн талбайн орох гарах гарцыг нь хаажээ. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Өгөөмөр”, “Шинэ үе”, “Нарт” хотхоны оршин суугчид хэвлэлийн хурал зарлаж, “Өгөөмөр” захын эзэмшлийн талбайн замыг чөлөөлж, Нарны замтай холбож өгөөч хэмээн хотын даргаас хүслээ.
Өнөөдрийн нөхцөл байдлаар “Өгөөмөр” захаас урдаасаа хойшоо явахын тулд 500 төгрөг төлж, нэвтэрдэг бөгөөд жолооч нарын хувьд дээрх мөнгийг төлөхгүйн тулд дээрх хотхонуудын замаар зорчдог байна.
Дээрх зурганд улаанаар тэмдэглэсэн хэсгээс урдах замыг чөлөөлж, өгөхийг иргэд хүссэн юм.
“Шинэ үе” хотхоны оршин суугч иргэн “2015 онд Баянзүрх дүүргийн Газрын албаны мэдэгдэлд “Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах замаар “Өгөөмөр” авто төвийн ард 0.4 км урт зам тавихааар төлөвлөв. Нийслэлийн иргэд, ААН-ийн дэмжлэгтэйгээр энэ бүтээн байгуулалтыг хийнэ. Иймд та бүхэн хотхоныхоо хашааг буулгана уу” гэсэн албан бичиг илгээсэн юм. Удалгүй нийслэлээс манай хашааг шууд буулгасан. Үүнээс хойших дөрвөн жилийн хугацаанд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна. Түргэн тусламж, галын машин явах орц гарч байхгүй. Учир нь хагас дутуу, мухар замтай. Нийслэлийн захирагчийн ажлын албанд бид сарын өмнө энэ талаар танилцуулсан ч ирж үзээгүй байна. Бид өглөө оройн замын ид түгжрэлийн үед гэртээ орох гэж 4-5 цаг зам дээр түгжирдэг” хэмээв.
Хотхон доторх замаар дээрх хоёр захын үйлчлүүлэгчид зорчдогоос байнга түгжрэл үүсдэг, зам их эвдэрч эхэлсэн. Мөн машины толь, дугуй алдах нь энгийн үзэгдэл болсон.
Дээрх хотхоны 1000 гаруй оршин суугч нар эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхгүй байгаа тул Хотын даргыг газар дээр нь ирж, нөхцөл байдалтай танилцан “Өгөөмөр” захын эзэмшлийн замыг чөлөөлж, Нарны зам болон Цагаан хуарангийн замтай холбож өгөх шийдвэр гаргаач хэмээн хүсэж байна гэсэн юм.
Хотын дарга тэдний хүсэлтийг шийдвэрлэхгүй бол өөрсдийн хотхоны автомашин замыг шороогоор хаахыг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.