Apple компани мягмар гарагт Калифорнийн Купертинод зохион байгуулах арга хэмжээнд технологийн ямар шинэчлэлийг танилцуулах бол гэсэн хүлээлт хэрэглэгч, сонирхогчдын дунд үүсчээ. Мэдээж хэрэг шинэ загварын гар утаснуудаа танилцуулах нь ойлгомжтой байж болох ч нугардаг дэлгэц, 5G сүлжээ зэрэг хэт өндөр өөрчлөлт хүлээх хэрэггүй гэж технологийн шинжээчид үзэж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Apple-ын хэрэглэгчид маргаашийн арга хэмжээнээс iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max шинэ гар утсуудтай танилцах юм. Мөн эдийн засгийн хэмнэлттэй хэрэглэгчдэд зориулж 450 ам.долларын үнэтэй арай хямд загварын гар утсыг худалдаанд гаргаж магадгүй.
Хэлбэр загварын хувьд өмнөх загваруудаасаа нэг их ялгагдахгүй ч гурван төрлийн камер зураг авах, видео бичлэг эвлүүлэх зэргийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар төгс гүйцэтгэх бол Pro загварууд бизнес эрхлэгчид зэрэг илүү бүтээлч хүмүүст зориулагджээ.
Ойрын хэдэн улиралд ашиг орлого нь хоёр оронтой хувиар буураад байгаа энэ үед Apple илүү шийдмэг алхам хийнэ гэсэн хүлээлт ч бас байна. Түүний өрсөлдөгчид болох Samsung, Huawei компаниуд 5G сүлжээтэй, нугардаг уян дэлгэцтэй шинэ гар утаснуудаа танилцуулаад байгаа юм. Харин Apple шийдэмгий алхам хэт өндөр эрсдэл дагуулна гэж үзжээ.
Маргааш болох арга хэмжээн дээр гар утаснуудаас гадна Apple Watch-ыг танилцуулна. Гүйцэтгэх захирал асан Тим Күк компанийг удирдаж эхэлснээс хойш анх удаа Apple Watch шинэчлэгдэж байна. Цуу яриагаар MacBook, iPad, Apple TV мөн шинэчлэгдэх ажээ.
Эх сурвалж: www.cnn.com