“Aspire Mining” компани “Овоот” төслийн анхан шатны бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд шаардлагатай 33,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх зорилгоор хувь эзэмшигч Ц.Цэрэнпунцагтай хувьцаа захиалгын гэрээ байгуулжээ. Ингэснээр гарьд Ц.Цэрэнпунцаг хэлцэл эцэслэсний дараа “Aspire Mining” компанид эзэмшиж буй 27,5 хувийн хувьцаагаа 51 хувь болгон нэмэгдүүлэх юм байна.
“Овоот” төслийн нөөцийг 255 сая тн (JORC стандартаар) гэж тооцсон ба 2021 оноос эхлэн угаасан нүүрс гаргаж Эрдэнэт хүртэл жилдээ дөрвөн сая тн нүүрс тээвэрлэх төмөр зам байгуулахаар төлөвлөсөн юм.
Шинээр хөрөнгө оруулалт татаж буйтай зэрэгцэн менежментийн багийн даргаар Д.Ачит-Эрдэнэ томилогдож, “Aspire Mining” компанийн гүйцэтгэх захирал Дэвид Пол дөрвөн сарын хугацаанд ТУЗ-ын даргаар түр ажиллах болжээ. Түүнчлэн компанийн ТУЗ-ын долоон гишүүнийг цөөлж тав болгосон тухай мэдээлэв.