СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ард түмнээс санал асуулга авах нь зүйтэй гэж парламент үзлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

 УИХ-ын өнөөдрийн /2019.09.07/ нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналыг хэлэлцэж байна

УИХ-ын хаврын ээлжит бус чуулган зарлагдаж сар шахмын хугацаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн 1,2 дугаар хэлэлцүүлгийг хийсэн билээ. Хуулийн гуравдугаар хэлэлцүүлэгт орохын өмнө МАН-ын бүлэг цаашид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг "Бүх ард түмнээрээ хэлэлцүүлэх нь зүйтэй" гэж шийдвэрлэжээ. Уг саналыг УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцлээ. 

Санал хураалт болоход:

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг төслийн дагаж мөрдөх журмыг хуралдаанд оролцсон гишүүдийн 98 хувь нь дэмжлээ.  

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг төслийг хэлэлцэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 94,8 хувь нь дэмжлээ.  

Санал хураалтын дараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. /Ард нийтээс санал авах хуулийн төслийг парламент хоёр удаагийн хэлэлцүүлэг хийж эцэслэн шийдэх ёстой/

ТББХ-ноос гарсан шийдвэрийг тус байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжлээ" гэлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Томоохон уул уурхайн стратегийн ордын 51 хувийг төр мэдэлдээ авья гэсэн санал гаргаж олон гишүүн гарын үсэг зураад өгсөн. Энэ талаар хариулт авья" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Байгалийн баялаг бол 100 хувь төрийн өмч шүү дээ. Түүнийгээ лиценз өгч бусад ашиглуулдаг. Хуулийн томьёолол дээрээ сайн ажиллаж улс оронд ашигтай хэлбэрээр өөрчлөн найруулах хэрэгтэй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Эрдэнэт, Дарханыг хотын зэрэглэлд шилжүүлэх саналыг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Хугацааг наашлуулж 2020 оны эхний улиралд багтаая гэсэн саналыг гаргаж байна. УИХ-ын дарга чиглэл өгөөч" гэлээ.

ТББХ-ны дарга С.Бямбацогт "Үндсэн хуулийн 57-ны хоёрт тодорхой заасан. Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ. Эдийн засгийн бүтэц, хүн амын нягтаршил, иргэдийн саналыг үндэслэнэ. Гэхдээ гишүүд санал гаргаж улсын чанартай хотын асуудлыг эхлээд шийднэ гэж орж ирсэн. Үүгээр бол Эрдэнэт, Дарханы асуудал эхлээд шийдэгдэх байх. Мэдээж энэ хуулийг баталчих юм бол 21 аймгийн төв хот болох асуудал шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл заавал нэр заахгүйгээр томоохон хүн амын сууршилтай газрууд хот болно" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Баттөмөр "Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг дуусаж, Монгол Улсын хөгжилд тулгамдсан олон асуудал шийдэгдэх гэж байгаад баяртай байна. Хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой асуудлууд төлөвлөгдсөн. 2020 оны эхний хагас жилд багтаж Эрдэнэт, Дарханыг улсын чанартай хот болгох асуудлыг шийднэ. Манай улс хөгжлийн загваргүй, бодлого төлөвлөлтгүй явж ирсэн. Одоо шинэ хотууд болчихвол хөгжлийн загвартай байх хэрэгтэй. Үйлдвэр, ХАА, чөлөөт бүс чиглэлээр Дархан хотыг хөгжүүлмээр байна. Эрх зүйн орчинг нь маш сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй байна" гэлээ. 

Гишүүд үг хэлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалт явууллаа. Үүний дараа "Бүх нийтийн санал асуулга явуулах" төслийн тогтоолын төсөл бэлдэх үүргийг ТББХ-нд өгснөөр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.