СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сураггүй алга болсон Олимпийн медальт тамирчин нас барсан байдалтай олдов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Испани улсаас анх удаа өвлийн Олимпийн эмэгтэйчүүдийн уулын цанын төрөлд медаль авчирж байсан тамирчин Бланка Фернандез Очоа сураг алга болоод хоёр долоо хоног орчмын хугацаа өнгөрсөн. 56 настай тамирчныг ар гэрийнхэн нь, цагдаагийн ажилтнууд, сайн дурынхан эрэн сурвалжилж хайсан ба олон хоног үргэлжилсэн хайгуулын эцэст нас барсан байдалтай олжээ.

 

 

Түүний цогцсыг Мадридын ойролцоох уулархаг бүсээс үнэрч нохой олсон байна. Эрх баригчид наймдугаар сарын 23-аас хойш сураггүй болсон Олимпийн тамирчны цогцсыг задлан шинжилж үхлийн шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байгаа юм. Испанийн спорт хариуцсан газрын ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Хосе Риенда “улсын спортын түүхэнд маш эмгэнэлтэй, гунигтай өдөр тохиолоо” гэжээ.

 

 

Уулын цанын тамирчны охин Оливиа Фреснеда наймдугаар сарын сүүлээр ээжийнхээ алга болсныг мэдэгдсэн ба есдүгээр сарын нэгний өдөр Фернандезийг Мадридын ойролцоох тосгонд хар өнгийн Мерседес машин жолоодож байхыг харсан гэрч байгаа юм. Хамгийн сүүлд гэрээсээ гарахдаа гар утсаа авч гараагүй, алга болсноосоо хойш төлбөрийн картуудаа огт ашиглаагүй байна.

Бланка Фернандез Очоа нь 1963 онд Мадридад төрсөн ба 1980-1992 оны хооронд дөрвөн удаа өвлийн Олимпийн наадмын цанын төрөлд өрсөлдөж сүүлийн наадам буюу Францад болсон 1992 оны Олимпоос хүрэл медаль хүртсэн билээ. Тэрээр өвлийн Олимпийн Испанийн баг тамирчдад багтсан гэр бүлийн таван хүүхдийн нэг юм. Түүний ах Франциско Фернандез Очоа Японы Саппород 1972 онд болсон өвлийн Олимпоос алтан медаль хүртсэн анхны Испанийн эрэгтэй тамирчин болсон түүхтэй.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.