Ургац хураалтын урьдчилсан балансаар 2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д тариалалт хийжээ. Үүнээс:
340.1 мянган га-д улаанбуудай,
14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо,
82.4 мянган га-д тосны,
42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийжээ.
Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгаа аж.
Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1147 аж ахуйн нэгж, иргэдийн 337.0 мянган га улаанбуудайн талбайг хамруулж зохион байгуулснаар нийт тариалсан талбайн 75.6 хувь буюу 250.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй.
Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 420.0 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2019 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50.0 мянган тонн буудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 6.6 мянган тонн, тэжээлд 21.5 мянган тонн, спиртийн үйлдвэрт 8.7 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлснээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 333.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байгаа юм. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гарч буй.