Хошин урлагийн салбарт хөл тавиад удаагүй ч авьяас чадвараараа гайхагдаж, олны хайр хүндлэлийг хүлээж байсан 22 настай жүжигчин бүсгүй Евридиси Диксоныг гэртээ харих замд нь хүчирхийлэн хороосон аймшигт хэрэг жилийн өмнө Австралийн Мэлбурн хотод гарч байсан юм. Уг хэргийг 20 настай Жэймс Тодд гэгч үйлдсэн болох нь нотлогдож, жил гаруйн хугацаанд үргэлжилсэн шүүх хурал дүнгээ гаргалаа. Шүүхийн шийдвэрээр гэмт хэрэгтэнд ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял оноожээ. Ял эдэлж эхэлснээс хойш 35 жилийн дараа өршөөл үзүүлэх боломжтой гэж мэдэгдэв.
Гэмт хэрэгтэн жүжигчин бүсгүйг тоглолтоо тараад харих замд нь цаг орчим нууцаар дагасан байна. Хохирогчийг Мэлбурн дэх Хунтайжийн цэцэрлэгт хүрээлэнд хүрэхэд хэрэг үйлдэхэд хангалттай харуй бүрий болсон байсан гэжээ. Тодд эмэгтэйг хороохоос өмнө хүчирхийлсэн ул мөр олдсон юм.
Уг хэрэг олон нийтийг цочирдуулж хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал Австрали даяар хурцаар хөндөгдсөн. Австралийн Засгийн газрын мэдээгээр тус улсад таван эмэгтэй тутмын нэг, 20 эрэгтэй тутмын нэг 15 нас хүрснээс хойш бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртдөг гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com