Францын Альбертвильд болсон 1992 оны өвлийн Олимпийн наадмаас улсаа төлөөлөн эмэгтэй уулын цанын төрлөөр анх удаа медаль хүртэж байсан 56 настай тамирчин ор сураггүй алга болсныг Испанийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлажээ. Бланка Фернандез Очоа сураггүй болоод долоо хоногийн хугацаа өнгөрснийг цагдаагийн газраас мэдэгдэв.
Тэрээр хамгийн сүүлд долоо хоногийн өмнөх ням гарагт хар өнгийн Мерседес A-Class загварын машин жолоодож Мадридын ойролцоох тосгонд явж байсныг гэрчүүд харсан байна. Гэвч эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгаа ч Олимпийн медальт тамирчныг олоогүй байна.
Фернандез Очоагийн охин Оливиа Фреснеда ээжийгээ наймдугаар сарын 23-ны өдрөөс хойш сураггүй болсон гэдгийг сонин хэвлэлээр зарлуулж маш их санаа зовж байна гэжээ. Гэрээсээ гарахдаа гар утсаа авч гараагүй, алга болсноосоо хойш төлбөрийн картаа огт ашиглаагүй аж.
1980-1992 оны хооронд Фернандез Очоа дөрвөн ч удаа өвлийн Олимпийн наадамд өрсөлдөж сүүлийн оролдлогоороо буюу 92 оны Альбертвилийн Олимпоос слалом уулын цанын төрөлд хүрэл медаль хүртсэн. Ингэснээр Испанийн эмэгтэй тамирчид түүхэндээ анх удаа өвлийн Олимпоос медаль хүртсэн явдал болсон юм.
Эх сурвалж: www.bbc.com