УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаас УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой байр суурийг нь сонирхлоо.
-Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Хянан шалгах хороо байгуулах тал дээр гишүүд зөрүүтэй байр суурьтай байлаа. Хэлэлцүүлэг ер нь ямар шаттай явна вэ?
-Хянан шалгах хорооны асуудал дээр нэлээд маргалдсан. Болгоомжлох гишүүн байна. УИХ хяналтын дээд байгууллага мөртлөө дэргэдээ ийм байгууллага байгуулснаар шүүхээр шийдэгдсэн асуудлыг хажуудаа татаж, хянах боломжтой болно гэж үзэж байгаа нь ч байна, иргэдийг хянах ийм байгууллагыг УИХ дэргэдээ байгуулах хэрэггүй ч гэж үзэж байгаа нь байна.
Үндсэн хууль бол бусад хуулиудтай харьцуулахад хэлэлцэх журмын хувьд өөр байдаг. Гишүүдийн 57-оос дээш хувиар хэлэлцэх ёстой. Хоёрт, 57-оос дээш гишүүн саналаа өгч дэмжиж, хүчин төгөлдөр болно. Иймд ирц маш чухал асуудал.
Гишүүн бүр Үндсэн хуулийн заалт бүрээр арван минутад чөлөөтэй санал бодлоо илэрхийлж байна.
-Шалтгаангүйгээр тасалсан гишүүдийн талаар өнөөдөр хөндөгдлөө?
-УИХ-ын даргаас тасалсан гишүүдтэйгээ ажиллаач гэж Бүлгийн даргад хэлсэн. 12 эмэгтэй гишүүн бүх хуралд идэвхтэй оролцож байгаа. Ард түмний эрх ашгаас дээгүүр зүйл гэж байх ёсгүй.
Кноп ажиллахгүй байх зүйл байна. Миний хажууд суудаг Д.Цогтбаатар гишүүн хэд хэдэн удаа дараад байхад санал нь орохгүй, эсрэг санал болж байгааг би харлаа. УИХ-ын ажлын алба үүн дээр үнэхээр хариуцлагатай хандах ёстой.