Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 12.00 цагаас товлогдсон А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамуу нарт холбогдох шүүх хурал есдүгээр сарын 05-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшилжээ. Шүүгчдэгч Р.Вандлхангаагийн өмгөөлөгч өвчтэй тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэжээ. Хэргийг сануулбал, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан А нь 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр учир битүүлэг шалтгаанаар амь насаа алдсан юм. Ар гэрийнхэн нь хүүхдийнхээ цогцсыг очиж авахад биен дээр нь зодуулсан ул мөр үлдсэн байсан тул дэглэлтээс үүдэлтэйгээр амь насаа алдсан хэмээн тухайн үед мэдээлэл хийж байлаа. Талийгаачийн ах Б.Эрдэнэбат олон нийтийн сүлжээнд “Шарх, сорви нь бие дээр нь ил байж байна. Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн гэсэн. Гүйж чадахгүй нь ээ, амьсгаа давчдаад байна гэхэд нь баашиллаа гээд нүдсэн байсан. Хамт байсан цэргүүд нь тэгж хэлж байна лээ. Дараа нь цэргийн казармад ороход ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй орж ирээд ухаан алдаад унасан гэсэн. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авалгүй, тусламж үзүүлэлгүй байсаар цагийн дараа эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн” гэдэг мэдээллийг өгч байсан юм.