СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Баттулга: АНУ-тай “Стратегийн түншлэл”-ийн харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Т.Жанцан

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-аас дотоод, гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалт нь “Монгол-Америкийн харилцаа: Стратегийн түншлэлд тулгуурлан урагшлах нь” сэдэвтэй байсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэлээд татжээ.

Тухайлбал, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан нь бизнес болон, хөрөнгө оруулалтын орчинд таатай боломж бүрдэх үү, бизнесийн салбарын цаашдын тэргүүлэх салбар юу вэ гэдгийг уулзалтад оролцогчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид түлхүү сонирхож асуулт асууж байлаа.

Стратегийн түншлэлийн түвшинд хүрснээр Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц том төсөл, хөтөлбөрүүдэд АНУ-аас урт хугацааны, хөрөнгө оруулалт орж ирэх үндэс суурь тавигдсан гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга уг уулзалтад оролцохдоо онцолсон юм. Тэрбээр “АНУ нь бидний хувьд чухал “гуравдагч хөрш”, улс төр, эдийн засгийн ойрын түнш мөн. Технологи үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч улс, худалдааны том тоглогч, гадаадын хөрөнгө оруулалтын арвин эх үүсвэр болдог АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг бид чухалчлан үзэж байгаа.

Та бүхний мэдэж байгаачлан миний бие Ерөнхийлөгч Д.Трамптай Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, манай хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тунхаглан зарласан. Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоосноос Стратегийн түншийн харилцаа тогтоосон тав дахь улс нь АНУ болсон юм. Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй байдаг. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой юм. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрсэн.

. Эдийн засгийн өсөлт цаашид тогтвортой байх хандлагатай байгаа ба Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018-2020 онуудад 6-8 хувь байх боломжтой гэсэн таамаглал гаргасан байна. Олон улсын “Moody’s”, “Fitch”, “Standard and Poors” байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөсөн нь манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын байгууллагуудын гадаад харилцаа, дотоод итгэл нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлж байна.

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эдийн засагт тулгарсан хүндрэл болон гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин таагүй байсны улмаас 2015-2016 онуудад Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт эрс татарсан. Бид хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж, хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажилласан.

Үүний үр дүнд . Өнгөрсөн оны байдлаар АНУ-тай хийж буй худалдаа Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн дөнгөж 1.7 хувийг эзэлж, БНХАУ, ОХУ, Япон болон БНСУ-ын дараа буюу тавдугаарт жагсч байна. АНУ-аас Монгол Улсад 1990 оноос хойш оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 806 сая ам.доллар буюу 3.4 хувийг эзэлж, наймдугаарт жагсч байна. Эндээс харахад Монгол Улс дахь АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг бодитойгоор нэмэгдүүлэх нөөц бололцоо их байна. Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц том төсөл, хөтөлбөрүүдэд АНУ-аас урт хугацааны, стратегийн хөрөнгө оруулалт хийх үндэс суурь Стратегийн түншлэлээр тавигдсан.

2018 онд “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг зарлаж, хөдөө аж ахуй, ус, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, санхүү, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний дэд бүтэц болон бичил эрчим хүч зэрэг шинэ салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсон. Түүнчлэн Мянганы сорилын сангийн Хоёрдугаар компакт гэрээнд гарын үсэг зурж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа нь хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтран төсөл хөтөлбөрт оролцож, цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжийг нээж өгнө. Хөдөө аж ахуй, эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, тодорхой төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх томоохон боломжууд байна.


Тухайлбал, АНУ-ын Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын корпорац, “Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай (BUILD ACT)” хуулиар олгогдож буй шинэ арга хэрэгслүүдийн боломжуудыг Монгол, АНУ-ын бизнесүүд үр дүнтэйгээр ашиглаж, Монгол Улсад тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Түүнчлэн АНУ-д хийсэн айлчлалын үеэр АНУ-ын Конгрессоор “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг хэлэлцэн батлуулах талаар ярилцсан билээ.

Уг хууль батлагдсанаар Монголын ноос, ноолуур, оёмол сүлжмэл буюу боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил, өсөлтөд чухал түлхэц болж, олон ажлын байр шинээр үүсч, ялангуяа эмэгтэйчүүд ажлын байраар хангагдаж, өрхийн орлого нэмэгдэх зэрэг эдийн засаг бодит хүртээмжтэйгээс гадна эдийн засаг төрөлжиж, экспортын бүтэц, зах зээл өргөжих олон талын ач холбогдолтой. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд “public diplomacy” буюу хувь хүмүүс, олон нийтийн болон бизнесийн байгууллагуудын хоорондын харилцаа илүү нөлөөлөл, үүрэгтэй билээ. Та бүхэнтэй санал солилцож, “Стратегийн түншлэл”-ийн харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулахад хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм. Томоохон төслүүд гэдэгт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж экспортлох, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах зэрэг тодорхой бэлэн болсон 10 орчим төслийг багтаж байгаа аж.

Оюутолгойн асуудлаар:

-Гадаадын хөрөнгө оруулалт ярихаар Оюутолгойн асуудал зайлшгүй яригддаг. Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Бид өөрсдөө уул, уурхайн ийм том хөрөнгө оруулалтын гэрээ хийж байсан туршлагагүй. Хоёр талаасаа асуудал хаана байгааг олохын тулд уулзалтын ширээний ард суух ёстой. Оюутолгой гүнийн усыг одоо хүртэл хэрэглэсээр байна. Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйтай. Гүнийн усыг аль болох хэрэглэхгүй байх, гадаргын усаар үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байгаа юм.

Таван толгойн асуудлаар:

-Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын дагуу Таван толгойн ордоос “Эрдэнэс Монгол” компанийн олсон ашгаар Зүүнбаян-Таван толгойн төмөр замыг тавьж эхэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалт авахгүйгээр, өөрсдийн хөрөнгөөр, хүүгүй мөнгөөр энэ замыг тавьж байна. Энэ зам Монгол Улсын эдийн засгийг 3-4 дахин тэлэх боломжтой юм.

Төсвийн асуудлаар:

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал маш идэвхтэй өрнөж байгаа. Улс төрийн сонгуулийг тогтвортой, бодлогоо залгамж чанартай болгох шаардлага тулгарч буй билээ. Өнөөдөр бид 76 гишүүн буюу 76 жижиг тойрогтой. Улсын төсвийг 76 тийш татаж байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт нь төвлөрдөггүй, аж үйлдвэрийн бодлогогүй, гарч ирсэн УИХ-ын олонх нь сонгуулийн хуулийг өөрчилдөг болсон. Тиймээс сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар өөрчилж, 54 нь Монгол Улсын бодлого, аж үйлдвэр ярьдаг, үлдсэн нь бусад асуудал, тойрог руу чиглэсэн ажил хийдэг байя гэсэн санаагаар Үндсэн хуульд саналаа өгсөн. Сонгуулийн хуулийг өөрчлөх болгонд “тоглоомын дүрэм” өөрчлөгдөж байна. Бид 1990 оноос хойш олон сонгуулийн тогтолцоотой байснаас хамгийн зовлонтой нь жижиг 76 юм.

Аж үйлдвэржилтийн асуудлаар:

-Ноос, арьс, шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Испанийн хөдөө аж ахуйн тэргүүлэх компаниар хийлгэсэн. Үүнийг дагаад Хөдөө аж ахуйн бирж ажиллах ёстой. 21 аймаг, 330 суманд түүхий эд цуглуулах нэгж бий болгох зорилготой байгаа. Өнөөдөр Улаанбаатарт нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Утаа, замын түгжрэл, ажилгүйдэл гээд олон асуудлаас гарах чухал шийдлүүдийн нэг нь түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих юм. Өнөөдрийн залууст хоёр зүйлийг бий болгож өгөх ёстой.

Ахуй буюу 21-р зууны хөдөөгийн хотыг бий болгох, нөгөөх нь эдийн засагт нь төрөөс дэмжлэг үзүүлж түүхий эдийг нь тогтвортой худалдан авах бодлого юм. Ахуйг нь өөрчлөх Шинэ сум төсөл хэрэгжиж байна. Эдгээр асуудал уг чуулга уулзатад оролцсон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн сонирхлыг татаж байлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.