“Буэнос Айрес 2018” залуучуудын зуны III олимпод оролцсон Монголын тамирчдаас жүдо бөхийн хөвгүүдийн 55 кг-д хүч үзсэн Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртэж спорт сонирхогчдыг баярлуулав.
Тэрбээр Колумбын Хуан Монтеглегриг, Украины Оле Вередыбаг тус тус ялсан ч аваргын төлөө өсвөрийн Европын аварга Беларусийн Артсиом Коласаүд ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон юм. Энэ медаль Залуучуудын олимпоос хүртэж буй Монголын багийн дөрөв дэх, жүдочдын хувьд анхных нь юм.
Залуучуудын зуны олимпод багийн төрлөөр анх удаа 3х3 сагсан бөмбөгийн төрөлд хөвгүүдийн U18 хүртэлх насны шигшээ багийнхан оролцож байгаа. Монголын тугч Б.Алтангэрэл, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нарын манай тамирчид эхний өдөр хэсгийн шатны хоёр тоглолт хийсэн ч хоёуланд нь хожигдсон. Тодруулбал, эхний тоглолтод Эстонийн эсрэг 13:22-оор хожигдсон бол дараа нь АНУ-ын хөвгүүдэд 19:21-ээр ялагдав. Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан хөвгүүд одоо Аргентин, ОХУ-ын багтай тоглоод хэсгийн шатны тэмцээн дуусах нь.
Таеквондогийн хөвгүүдийн 48 кг-д хүч сорьсон П.Дүүрэнжаргал эхний тойрогт Палестиний Мохаммед Ясиниг 42:25-аар илүүрхсэн ч шөвгийн наймд Узбекистаны Улугбек Рашитовд 3:44-өөр ялагджээ. Энэ төрөлд ОХУ-ын Дмитрий Шишко, Узбекийн У.Рашитовыг ялж, аварга болсон юм.