Зайсанд байрлалтай зарим хотхон уурын зуухаар халаалтаа шийдсэнээс “Цэвэр агаартай” хэмээн чамгүй өндөр үнээр орон сууц худалдан авсан иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах үндсэн эрх ноцтойгоор зөрчигдөж, энэ асуудлаар Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудад хандаж болиулж өгөхийг шаардаж байсан нь саяхан. Нэг талаас “Төвийн дулаан татах санхүүгийн эх үүсвэр төрд байхгүй” гэдэг шалтгийг төрийнхөн хэлж, нөгөө талаас хувийн компаниуд өөрсдийн боломжоор уурын зуух ажиллуулж байсан. Зарим нь одоо ч ажиллуулсаар байна.
Төрийн амыг хараад бүтэхгүйг ойлгосон Эм Эс Пи Ди ХХК зэрэг компаниуд өөрсдийн хүч хөрөнгөөр шугам татсан нь өдгөө төрийнхний авлига хээл хахууль авч дураараа шийдвэр гаргасан байж болзошгүй нөхцлийг бүрдүүлсэн байх юм.
Тодорхой хэлбэл, Эм Эс Пи Ди ХХК-ийн ДДТ-ийн 2-р хэлхээг өөрсдийн хөрөнгөөр дөрвөн жилийн өмнө барьжээ. Энэхүү хэлхээнд холбуулах хүсэлтэй хувь, хүн компаниуд тус компанийн зардлаас хуваалцсанаар зөвшөөрөл авч дулаанаар хангагдах ёстой. Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхэд энэ талаар тодорхой заасан байгаа.
Тус компанийн Гүйцэтгэх захирлын мэдүүлж байгаагаар хүсэлтээ өгсөн хэд хэдэн байгууллага байдаг, яриа хэлцлийн түвшиндээ явж байгаа аж. Гэтэл иргэн Ш.Чимэддоржийн дөрвөн давхар барилга энэхүү зөвшөөрлийг тус компаниас авалгүйгээр Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтохоор шийдвэр гаргуулсан байх юм. Манайхан иймэрхүү үйлдлийг “Дээрээс мундагдуулах” гэж хэлдэг.
Угтаа бол Эм Эс Пи Ди ХХК-ийн зөвшөөрлийг үндэслэн Эрчим хүчний яамны газрын дарга зөвшөөрөл өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, Газрын дарга Б.Насантогтох хувийн компанийн зөвшөөрлийг үндэс болгон иргэн Ш.Чимэддоржийн өргөдлийг хангах ёстой.
Гэтэл зөвшөөрөл өгөөгүй байхад Эм Эс Пи Ди ХХК-ийн ДДТ-ийн 2-р хэлхээнд холбох шийдвэрийг газрын дарга Б.Насантогтох гаргасан байх юм. Хувийн өмчид халдсан энэ үйлдлийг Монгол улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ч гаргах эрхгүй. Гэтэл сайдаасаа давсан шийдвэрийг газрын дарга гаргажээ.
Иймд Эм Эс Пи Ди ХХК газрын дарга Б.Насантогтох болон удирдлагаар хангаж ажиллах ёстой Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болжээ.