Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид өнөөдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Кимбаб чонгуг” солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо.
Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар:
Иргэнээс наймдугаар сарын 05-ны өдөр “Кимбаб чонгуг” ресторанаар үйлчлүүлж байх үед хоолноос хар хорхой гарлаа гэсэн гомдлыг манайд ирүүлсэн. Мөн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны 37 дугаар байрны оршин суугчдын зүгээс удаа дараа энэ ресторантай холбоотой гомдол ирсээр байсан. Хиншүү хярвас ихтэй байна. Хоолны үнэр үнэртээд амьдрахад хэцүү байна, үйл ажиллагааг нь зогсоож өгөөч гэсэн өргөдлийг удаа дараа ирүүлсээр байсан. Иймд бид иргэний гомдол мэдээллийн дагуу ирж шалгаад Зөрчлийн хэрэг нээж 57 хоногийн хугацаатай үйл ажиллагааг нь зогсоосон боловч лац ломбыг зөвшөөрөлгүйгээр авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн учраас Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолын дагуу үйл ажиллагааг албадан зогсоож байна. Энэ газар нь өргөтгөлийн шилэн барилгаа нийтийн эзэмшлийн талбай дээр холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан. Цахилгааны утас нь ил задгай, дээврээс нь дусаал гоожсон байдалтай байгааг та бүхэн харж байна.
37 дугаар байрны оршин суугч:
Энэ хоолны газар хоногийн 24 цагийн турш нэг ч минутын завсарлагагүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Бид хамар хорсгосон энэ муухай хоолны үнэрээс болж гэртээ байж суух аргагүй болдог. Өглөөний 5 цагаас 11 цагийн хооронд хиншүүний үнэр жаахан багасаад бусад үед байж суухад тун хэцүү байна. Амьсгалын замын өвчин ч тусаж байна. Бид мэргэжлийн хяналтын байгууллагад удаа дараа гомдол гаргасны дагуу улсын байцаагч нар ирдэг боловч тэднийг энэ хоолны газрын эзэн нь доромжлоод загнаад л буцаадаг. Бид үнэхээр яах учраа олохгүй байна.
“Кимбаб чонгүг” солонгос хоолны газрын эзэн н.Лхагва:
Мэргэжлийн хяналтын байгууллагаас манай байгууллагыг удаа дараа ирж шалгаад торгоод явдаг. Бид шалгалтаар илэрсэн гэх зөрчлийг нь тухай бүрд нь арилгаад үйл ажиллагаагаа явуулдаг. Би өчнөөн хүнийг ажилтай болгож байхад яагаад намайг боддоггүй юм. Өмнө нь энэ ресторан байсан газарт франц ресторан байсан. Тэрийг бас элдвээр хавчсаар байгаад явуулсан гэсэн. Би оршин суугчидтай эвлэрье. Өөр газар байр авч өгье гэхэд “Жапан таун” гэдэг маш үнэтэй газар байртай болмоор байна гэсэн. Би нэг оршин суугчид 170 сая төгрөгийн байр авч өгч чадахгүй.