Одоогоос жил гаруйн өмнө эгч дүү гурав унтаж байсан эцгээ оронд нь хутгалж хороосон хэрэг Москва хотын орон сууцанд гарчээ. Хэргийг мөрдөн шалгах үеэр охидын эцэг тэднийг биеийн болоод сэтгэлийн хүчирхийлэл дарамтад оруулсан байсныг баталсан байна.
Эгч дүүсийг хүн амины гэмт хэргээр яллахаар болсон ба тэднийг суллахыг хүссэн 300,000 иргэн гарын үсэг зуржээ. Охидын хувь заяаг хэрхэн шийдвэрлэх нь Орос улсад олон нийтийг хамарсан чухал сэдэв болж байна.
2018 оны долдугаар сарын 27-ны орой 57 настай Михайль Хачатурян нь Крестина, Анжелина, Мариа охидоо гэрээ сайн цэвэрлэсэнгүй гэж буруутган нэг нэгээр нь өрөөндөө оруулж хашгачиж загнан нүүрлүү нь халуун чинжүү цацжээ. Тэр шөнө удалгүй унтаад өгсөн эцэг рүүгээ охид хутга, алх, халуун чинжүүгээр халдаж хүзүү, толгой, цээжийг нь түлж, цохин хороосон байна. Цогцсыг олоход 30 удаа хутгалуулсан байжээ.
Хэрэг гарсны дараа залуу бүсгүйчүүд цагдаа дуудаж баривчлагдсан байна. Хачатурян гурван жилийн турш охидоо зодож тарчлаан, хоригдол шиг байлгаж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсныг мөрдөгчид тогтоов. Хүний эрхийн байгууллагууд, тэмцэгчид охидыг гэмт хэрэгтнүүд биш, харин эсрэгээрээ хохирогчид хэмээн хамгаалж эхэлжээ. Тэдэнд хүчирхийлэгч эцгээс нь хамгаалах, туслах хэн ч байгаагүй учир аргагүй үйлдэл хийсэн гэжээ.
Гэсэн хэдий ч ОХУ-д гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах хууль албан ёсоор хэрэгждэггүй гэж ВВС мэдээлэв. 2017 онд оруулсан хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гэр бүлийн гишүүд нэгийгээ зодож дарамталсан тохиолдолд торгох, аль эсвэл хоёр долоо хоног хүртэл хорьж саатуулахыг тусгасан байна. Гэхдээ зөвхөн хохирогч эмнэлэгт хүргэгдэх хүртэл хүнд гэмтсэн тохиолдолд хуулиар хамгаалуулах эрхтэй юм.
Оросын цагдаа нар гэр бүлийн хүчирхийллийг тухайн гэр бүлийн дотоод асуудал гэж үздэг учраас тэр бүр туслаад байдаггүй. Охидын ээж Хачатурянтай амьдарч байхдаа зодуулж, хүчирхийлүүлж байгаад салсан байна. Тусдаа амьдарч байсан бүсгүй бусдын гарт амиа алджээ.
Хэрэв охид өс хонзонгийн сэдэлтэйгээр аллагыг тухайн өдрийн өглөөнөөс авахуулан урьдчилан бэлтгэж гүйцэтгэсэн бол хүн амины хэргээр 20 хүртэл жилийн хорих ял сонсно. Харин биеэ хамгаалах үүднээс эцгээ хороосон бол ялын хэмжээ багасна. Өмгөөлөгчид охидыг яллагдагчид биш хохирогчид хэмээн хамгаалж байна.
Эх сурвалж: www.bbc.com