Испанийн Мадрид хотод олон зуун бүсгүйчүүдийн банзал доогуур зөвшөөрөлгүй нууцаар бичлэг хийсэн сэжигтэй эрэгтэйг баривчлан саатуулсан байна. 53 настай Колумб эрэгтэй гар утсаараа нууцаар хийсэн бичлэгээ цахим сүлжээнд цацдаг байсан ба ойролцоогоор 550 гаруй эмэгтэй түүний хохирогч болсон гэж үзжээ.
Мөн 300 орчим бичлэгийг насанд хүрчэгчдэд зориулсан сайтад байршуулан олон сая үзэгчдээс хандалт авсан гэж Мадридын цагдаагийн газраас мэдээлэв. Хохирогч эмэгтэйчүүдийн ихэнх нь метрогоор үйлчлүүлэгчид бөгөөд насанд хүрээгүй охид ч багтсан байна.
Цагдаа нар гэмт этгээдийг өнгөрсөн зунаас хойш тогтмол хууль бус үйлдлээ үргэлжлүүлсэн гэж сэжиглэжээ. Зарим тохиолдолд томоохон супер маркетуудаар хэсч охид эмэгтэйчүүдийг нууцаар бичдэг байна. Холбогдох албаныхан сэжигтнийг удаан хугацаанд ажиглан метронд үл таних эмэгтэйн банзал доогуур бичлэг хийж байхад нь хэргийн газарт баривчилжээ.
Сэжигтний лэптопоос олон зуу хууль бус бичлэг, эдгээр бичлэгүүдээ байршуулдаг цахим хуудсыг илрүүлсэн байна. Испани улсад зөвшөөрөлгүйгээр эмэгтэйчүүдийн банзал доогуур бичлэг хийхийг бэлгийн дарамт үзүүлсэн гэж үздэг тул хорих ял оноодог аж.
Эх сурвалж: www.bbc.com