СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн банкны хөрөнгөөр туйлсан улстөрчдийг шалгаж дууссан ч хэрэг нь замхрав

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Дэлхийн улс орнууд арилжааны банк болон хөрөнгийн зах зээлийг ашиглалгүйгээр аж ахуйн нэгжүүдээ дэмжих, иргэдээ орон сууцжуулах гэх зэрэг бодлого хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрынхаа дэргэд Хөгжлийн банк байгуулдаг жишиг бий. Энэ жишгээр 2010 оны долдугаар сарын 20-нд Монгол Улсын Засгийн газар 195 дугаар тогтоол гаргаж, 2011 онд Хөгжлийн банкнытухай хууль баталснаар Хөгжлийн банк байгуулсан.

Үүнийг эдийн засагч, шинжээчид “Монгол Улс эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих том хөдөлгүүртэй болсон” гэж үздэг. Тус банкнаас 2016 оны арваннэгдүгээр сарын 31 хүртэл нийтдээ зургаан их наяд төгрөгийн зээл олгосны 3.2 их наяд нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, 1.7 их наяд нь Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн, арилжааны банкуудаар дамжуулсан нэг их наяд төгрөг байдаг. “Чингис”, “Самурай” гэх мэт өрийн олон бичгийг гадаад зах зээлд гаргаж, маш их хэмжээний мөнгө цуглуулсан ч улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх шахам хэмжээний зээл эргэн төлөгдөх боломжгүй гэдгийг тус банкинд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийнхэн дүгнэсэн байдаг.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийн хямрал биш, эрх дархтнуудын хямрал болжээ. Улсын төсвийн орлого нь таван их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банкнаас түүнтэй тэнцэх хэмжээний зээл гаргасан ч 70 хувь нь эргэн төлөгдөхөөргүй байна” хэмээсэн юм.

Ийм байдалд хүрсэн шалтгаан нь тухайн үеийн Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага нь хуулиа хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаанд нь Засгийн газар, улстөрчдийн нөлөөлөл их байсан зэргийг тоочиж болно. Тус банкны үйл ажиллагаанд улстөрчид оролцож, хамаарал бүхий хүмүүс, найз нөхдөдөө давуу байдал олгосон, хахууль авсан хэд хэдэн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгасан билээ.

“Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэрэгт хамгийн түрүүнд тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын Мөнхбатыг байцааж эхэлсэн. Түүнээс хойш УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Эрчим хүчний сайд байсан М.Сономпил, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 2012-2016 онд ажилласан, Улсын баатар Э.Бат-Үүл, ТОСК-ын захирал А.Гантулга нарын олон хүнтэй холбоотой хэргийг тус бүрт нь нарийвчлан шалгаж, заримыг нь прокурор, шүүхэд шилжүүлсэн ч З.Баянсэлэнгээс бусдыг хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрэв.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛД ЗАСВАР ХИЙСЭН Н.БАТБАЯРЫН ХЭРЭГ ЗАМХРАВ

Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” хэмээх Н.Батбаяр эрх мэдлээ хэтрүүлснээр улсад хоёр тэрбум 35 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгасан билээ. Тэрбээр сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2013 оны 124 дүгээр тогтоолд засвар хийж, Халзанбүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замыг шинээр барих замын жагсаалтад оруулснаар дээрх хэмжээний хохирол учирсан гэж үзэж буй. Дээрх чиглэлийн замыг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хамаарал бүхий “Мон роуд” компани барихаар шалгарсан бөгөөд энэ хэрэгт холбогдуулж түүнийг бас байцаасан юм. Улмаар Б.Гарамгайбаатарт холбогдох үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон түүхтэй.

АТГ-ынхан Хөгжлийн банкны хөрөнгийг шамшигдуулсан хэргийг шалгахдаа тухайн үеийн Засгийн газраас баталсан нууцад хамаарах болон энгийн бүх тогтоолтой танилцсан байдаг. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх болсон. Прокурорын байгууллагын эх сурвалж “Хэргийг шалгах явцад тусгай мэдлэг бүхий шинжээчдээр замын барилгын ажлын төсвийг шалгуулж, хохирлын хэмжээг тогтоолгохын тулд улсын төсвөөс тодорхой хэмжээний зардал гаргасан. Н.Батбаярт холбогдох Хөгжлийн банкны хөрөнгийг шамшигдуулсан үйлдлийн гэм бурууг шүүхээр тогтоолгохдоо мөрдөн байцаах ажиллагааны явцад гарсан зардлыг түүнээс гаргуулах шаардлагатай” хэмээсэн юм. Ийнхүү Н.Батбаярыг шалгаж дууссан ч хэрэг нь шүүхэд очилгүй таг чиг болжээ.

М.СОНОМПИЛ “ЗАЛУУ МОНГОЛ”-ЫНХОО ДАНСААР 264 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ

Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргасан нэг бус тендерт Эрчим хүчний яамны сайд байсан М.Сономпил холбогдсон. Нэг нь дээрх албан тушаалыг хашиж байхдаа яамныхаа эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, 264 сая төгрөгийн хахууль авсан үйлдэл. ЭХЯ-наас Дарханы дулааны цахилгаан станцын үнс хадгалах сан барих тендер зарласан аж. Үүнд нь “Хотгор зам” ХХК-ийг ялуулсан бөгөөд М.Сономпил яамныхандаа нөлөөлснийхөө төлөө уг компаниас өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол”-ын дансаар дээрх хэмжээний төгрөг хахуульд авсан нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар тогтоогдсон байна.

Мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулж өмнөд хөршийн компанид давуу байдал олгосон гэж М.Сономпилийг буруутгасныг уншигчид санаж буй биз ээ. БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпорац” компанийнханд давуу байдал олгохын сацуу тендерт анх ирүүлсэн үнийг нэмэгдүүлсэн аж. Тус компанийнхан “Амгалан” дулааны станцыг 60 сая ам.доллароор барьж ашиглалтад оруулах үнийн санал өгсөн юм билээ. Гэвч гэрээ байгуулах явцад үнийн дүнг 75.9 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, тухайн гүйцэтгэгчийг үндэслэлгүйгээр татвараас чөлөөлсөн нь батлагдсан аж. Улмаар М.Сономпилийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн боловч сураг алдарчээ.

ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН Э.БАТ-ҮҮЛИЙН ХЭРГИЙГ ХЭРХЭХ БОЛ

“Хөгжлийн банкны” гэх том модноос салаалсан, тус банкнаас санхүүжүүлсэн олон төсөл хөтөлбөрийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй үйлдлүүдийн нэг нь “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулга нартай холбоотой байдаг. А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм, үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон. Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан билээ. Түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн ч өнгөрсөн хавар нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш таг чиг болов.

А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон юм. А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэж үзэх үндэслэл бий юм билээ.

Түүний хүү Б.Чулуудай захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь нэг хэсэг дуулиан болсон. Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн аж.

Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан” гэсэн юм.

Ийнхүү улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг АТГ-ынхан шалгаж, гэм буруутай байж болзошгүй хүмүүсийг яллагдагчаар татсан боловч шүүх, прокурорынхон шийдвэрлэлгүй удааширч байгаа нь харамсалтай. Уг нь шүүх, прокурорын байгууллагынхан энэ мэт олны анхаарал татсан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шуурхай шийдэж, гэм буруутай этгээдүүдээр Монголын төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлбэл шударга ёсонд нийцэх билээ. Бид дараагийн дугаартаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатын холбогдсон үйлдлүүдийн талаар мэдээлэх болно.

Бэлтгэсэн: Д.Дайчин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.