Энэтхэг улсын Сангийн яамны сайд асан Паланиаппан Чидамбарамыг мөнгө угаасан болон авлигын хэргээр баривчлан саатуулжээ. Энэ жил 73 настай сайд асныг албан тушаалаа хашиж байх хугацаандаа гадны хөрөнгө оруулалтуудыг хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн шалгаж байсан юм.
Чидамбарам нь 1984 оноос хойш сөрөг хүчний Конгресс намын гишүүн, Парламентын гишүүний үүргийг тус тус гүйцэтгэж, Сангийн яамнаас гадна Дотоод хэргийн яамны сайдаар ажиллаж байжээ. Орон нутгийн цагаар лхагва гарагийн орой Мөрдөн байцаах төв товчооныхон сайд асныг баривчлах үед түүнийг дэмжигчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд тойрон хүрээлсэн байв.
Өмгөөлөгчийн хэлснээр Нарендра Модигийн Бхаратияа Жанат намаар удирдуулсан Засгийн газар баривчилгааг зохион байгуулалттайгаар явуулж, батлан даалтад суллахаас татгалзсан гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл баривчилгааг улс төрийн шинж чанартай Чидамбарам болон түүний хүү Карти нарын эсрэг явуулга гэж харж байна.
2007 онд тэрээр Сангийн сайдын албан тушаалыг хашиж байхдаа INX Group дэх олон арван сая ам.долларын хөрөнгө оруулалтыг угаасан ба түүний хүү Карти тус группээс хахууль авсан гэж үзжээ. Мөрдөн байцаах төв товчоо 2018 онд Карти Чидамбарамыг баривчилсан ч батлан даалтад эргэн суллаад байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com