Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд Монголын оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал О.Сансархүүг урьж, ярилцлаа.
-Монгол Улс жилд 500 гаруй тэрбум төгрөгийг гадны улс орноос бэлэн хувцас авахад зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Тиймээс борлуулалтын энэ том зах зээлийг дотооддоо хөгжүүлэх зорилготойгоор Монголын оёдлын салбарынхан нэгдсэн байдаг. Холбоо байгуулах санал, санаачлага анх 1000 оёдолчны чуулга уулзалтаас эхтэй гэж сонссон. Одоо үйл ажиллагаа нь хэр өргөжиж байна вэ?
-Манайх саяхан байгуулагдсан залуу холбоо. Гэсэн ч бид дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах, Монголын оёдлын салбарыг нэгдсэн нэг бодлоготой, өрсөлдөх чадвартай болгох том зорилгыг өмнөө тавин ажиллаж байна.
Холбооны үүсэл хөгжлийн хувьд, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор 1000 оёдолчны чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ үеэр төрийн тэргүүн маань Монголын оёдлын салбарынхан нэгдэж, нийлж ажиллаач гэсэн уриалгыг дэвшүүлж, бидний үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.Үүнээс үүдэн бид 2018 оны нэгдүгээр сард 110 орчим оёдлын үйлдвэр, салбараа төлөөлж чадахуйц үйлдвэрлэгч нар нэгдэж, холбоо байгуулъя гэж шийдээд “Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо” гэсэн нэршил дор энэ холбоог байгуулсан. Одоогоор ТУЗ-ийн 15 гишүүн, Хяналтын зөвлөлийн таван гишүүнтэй, нийслэл хот болон орон нутгийн томоохон төлөөлүүдээс бүрдсэн 150 орчим гишүүнтэй болсон байна. Тэргүүнээр нь “Денимон“ компанийн ерөнхий захирал Д.Тунгалаг ажиллаж байна.
-Оёдлын салбар бол ажлын байрны багтаамж өндөртэй, эдийн засгийн өгөөж ихтэй салбар. Гэтэл өнөөдөр Монголд энэ салбарын хөгжил жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нуруун дээр явж байгаа нь нууц биш. Монголын оёдлын салбарынхан үнэхээр нэгдэж чадвал дотоодод төдийгүй гадагшаа зах зээлээ тэлэх өргөн боломж бий. Харин ажлаа юунаас эхлэх вэ?
-Хийхээр төлөвлөсөн их ажил байна. Бид өнгөрсөн тавдугаар сард хоёрдугаар бага хурлаа хийсэн. Энэ хурлаас хэд хэдэн чиглэлүүдийг гаргасан. Тухайлбал, Засгийн газраар “Оёдол хөтөлбөр”-ийг батлуулж, оёдлын салбарынхан нэгдэж ажиллая гэсэн саналыг гаргасан. Бидний шийдэл юу вэ гэхээр дотоодын үйлдвэрлэл дээр тулгуурласан, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, дотоодын зах зээлээ тодорхой хэмжээгээр хангана, тэр нь экспорт руу чиглэнэ гэсэн үг. Бидэнд бараа бүтээгдэхүүн экспортолж байсан туршлага бий. Тиймээс боломж бий гэж харж байна. Нөгөөтэйгүүр, 1995-2005 онд квотын систем хэрэгжиж байсан. Энэ үед маш олон ажлын байр бий болж байсан. 1997 онд ДНБ-ий 26 хувийг нь оёдлын салбар бүрдүүлдэг байсан. Энэ үед Монголын оёдлын салбарт нийт 120 мянган ажилтан ажиллаж байсан судалгаа байдаг. 2005 оны нэгдүгээр сард квотын систем цуцлагдсанаас хойш энэ тоо тав дахин буурсан. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай олон компани үүдээ барьсан. Одоогоор энэ салбарт нийгмийн даатгалаа төлөөд явж байгаа 2500 орчим хүн ажиллаж байна. 2009 онд энэ тоо 1300 хүртлээ буурсан. Харин сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Тиймээс энэ салбарыг зөв хөгжүүлж чадах юм бол олон хүн ажлын байраар хангагдаж, олон мянган өрхийн бодит орлого нэмэгдэж, гадаад валютын орлогын нэг томоохон эх үүсвэр болдог гэдэг утгаараа эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрт байдалд ихээхэн нөлөөтэй чухал салбар юм. Бидэнд илүү ихийг хийж бүтээх өргөн боломж бий гэж харж байна.
-Зарим оёдлын үйлдвэрийг харахад, гадны улсын захиалгаар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин зарим нь дотоодынхоо хэрэгцээг хангах, борлуулалтаа өсгөхөд анхаарч ажилладаг. Уг нь энэ салбарын эдийн засгийн ач холбогдлыг нь олж харвал бидэнд өөр ямар боломжууд байгаа бол?
-Манай оёдлын салбарынхан 1989 онд жилд дунджаар 230 мянган куртик, цув үйлдвэрлэдэг. Дотоодын нийт хэрэглээнийхээ 80 хүртэлх хувийг дотооддоо үйлдвэрлэдэг байсан. Мөн энэ салбарт 30 мянга гаруй хүн ажилладаг байв. Нэг оёдлын машин нэг ажлын байр гэдэг агууламжаараа оёдлын салбар таны хэлдэг шиг ажлын байрны агууламж хамгийн өндөртэй салбар. Гэхдээ хүмүүс үүнийг нийгмийн ач холбогдол талаас нь хараад байдаг. Өөрөөр хэлбэл, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү энэ салбарт ажиллах боломжтой гэж хардаг. Эдийн засгийнх нь ач холбогдлыг орхигдуулаад байдаг. Гэтэл энэ салбар нь өөрөө эдийн засгийн маш өндөр ач холбогдолтой салбар гэдгийг дээрх тоонуудаас харж болно.
Монголд нэг япон хүн ирээд “Манай улсад байшин бүрт нэг кофе шоп байдаг. Харин танайд байшин бүрт нэг эмийн сан байх юм” гэж хэлсэн байдаг. Хэрэв тэр хүн арай илүү анзаарч харсан бол манай улсад байшин бүрийн доод давхарт нэг оёдлын газар байдаг. Энэ нь 2005 онд квотын систем цуцлагдсанаас болж, оёдолчид ажилгүй болон хувьдаа гарсантай холбоотой.
Бусад улс орны ДНБ-ий бүтцийг харвал оёдлын салбар 20 орчим хувийг эзэлдэг. Хувцас бол хүний салшгүй хэрэглээ учраас энэ салбар ямар ач холбогдолтой вэ гэдгийг эндээс мөн харж болно.
-Одоо энэ салбарт том, жижиг нийлсэн хэчнээн үйлдвэр байна вэ. Дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалт нь ямар байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх, дотоодын зах зээл, үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд анхаарч ажиллах шаардлагатай ямар асуудлууд байна вэ?
-Монголын оёдлын салбарт одоо том, жижиг нийлсэн 600 орчим үйлдвэр байна. Энэ тоог нарийвчлан гаргах ажлыг ХХААХҮЯ-аас “Оёдлын салбарын нөхцөл байдлын судалгаа шинжилгээ”, “Салбарын үйлдвэр, аж ахуй нэгж ажилчдын талаарх судалгаа”-г нарийвчлан гаргах судалгааны тендер зарлачихсан байгаа. Эндээс нарийн тоо гарна гэсэн хүлээлтэй байна.
Ноос, ноолууран бүтээгдэхүүнээр хийж байгаа нэхмэл бүтээгдэхүүнийг оруулахгүйгээр, оёмол бүтээгдэхүүн нь 2017 оны байдлаар 10 тэрбум орчим төгрөг дотооддоо үйлдвэрлэж байна. Гэтэл бид импортоор орж ирж байгаа бараанд жилд 515 тэрбум орчим төгрөг зарцуулж байна. Өөрөөр хэлбэл, Монголын хувцасны зах зээлийн эргэлт 500 орчим тэрбум төгрөгт эргэлдэж байна гэсэн үг. Гэхдээ энэ бол 2017 оны тоо. Үүнээс хойш олон үйлдвэрлэгч компани гарч ирсэн, тухайн үеийн тоон үзүүлэлт өссөн байх гэж бодож байна. Монголд хувцасны хэрэглээ өндөр. Гуравхан сая хүн амтай хэрнээ бид жилийн дөрвөн улиралтай. Жилд дор хаяж 3-4 удаа хувцсаа сольдог. Энэ зах зээлийг бид зөв бодлогоор хөгжүүлж , бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.
-Сүүлийн жилүүдэд монгол дээл хувцас, оёмол нэхмэл бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн байх. Залуу үеийнхэн Монголоороо гоёдог болсон байна. Харин оёдлын салбарынхан эсрэгээрээ хүний нөөцийн дутагдалд орсон юм шиг санагдсан?
-Үнэн. Үүнтэй холбоотой нэг сонирхолтой жишээ дурдъя л даа. 2016 онд дуучин Укагийн “Маргаашийн нар луу хамт аялах уу” гэдэг дуу гарсан. Клипинд дээр нь бүгд тэрлэгтэй бүжиглэдэг. Түүнээс хойш Монгол үндэсний хувцасны хэрэглээ нэмэгдсэн. “Борголжин”, “Ивээл” зэрэг брендүүд тэр үед хүчээ авч гарч ирсэн. Одоо Өвөрмонголд төрийн албан хаагч, ЕБС-ийн сурагчид долоо хоногийн нэг өдрийг үндэсний хувцасны өдөр болгосон байна. Тэр утгаараа манайхан үндэснийхээ хувцсыг тодорхой хэмжээгээр урагш нь гаргаж байна. Гэхдээ татвар нэлээд өндөр байдаг. Нэг хувцсанд 20-40 хувь төлдөг. Мөн оёдолчид маань ӨМОЗО руу их явж байна. Тэгэхээр энд нэг хуулийн зохицуулалт, нэг дуу энэ салбарт ямар том өөрчлөлтыг авчрах боломжтой вэ гэдэг нь харагдаж байна.
-Дотооддоо бид хүний нөөцийн дутагдалд ороод байгаа нь ажлын үнэлэмж, цалин хөлстэй холбоотой байх. Ажлын байраа хамгаалах, импортын бараанд хөрөнгө зарахгүйн тулд одоо та бүгдийн зүгээс хийх ажил юу байна?
– Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар МСҮТ-үүд нийт 600 гаруй оёдолчинг бэлтгэж байна. Эдгээр хүмүүсийн 40 орчим хувь нь ар гэрийн шалтгаан, бас бус зүйлээс болж мэргэжлийнхээ дагуу ажилладаггүй. Тэгэхээр цаана нь 300 орчим оёдолчин үлдэж байгаа юм. Оёдлын үйлвэрүүдийн нэг асуудал нь хүний нөөцийн асуудал. Бид холбооныхоо зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажил нь оёдолчин гэдэг мэргэжлийг нийгэмд сурталчилъя гэсэн шийдэлд хүрч байгаа. Нийгэмд буруу ойлголт бий болчихсон байна. Оёдлын салбар цалин багатай, урт цагаар ажилладаг, ажлын байрны нөхцөл, төрийн дэмжлэг муу гэдэг талаас нь хүмүүс хараад байна. Үүнийг өөрчлөхийн тулд бид өөрсдийн хийж байгаа үйл ажиллагаагаараа оёдолчин гэдэг мэргэжлийг зөв сурталчилъя гэж шийдээд байна.
-Импортын бараанд хориг тавьбал энэ салбарт ажлын байр, шинэ үйлдвэрүүд нэмэгдэнэ гээд олон давуу тал ирнэ гэж ярьдаг. Энэ талаарх таны бодол?
-Энэ зарим төрлийн оёмол бүтээгдэхүүн дээр л хэрэгжих боломжтой. Экспортоор бүтээгдэхүүн дээр яригдана. Түүнээс биш бүх бүтээгдэхүүнийг хааж болохгүй. Энэ бол зах зээлийн хуулиа дагаж хөгжих ёстой зүйл. Бид бараа бүтээгдэхүүнээ экспорт руу чиглэсэн байдлаар хөгжүүлье гэхээр түүхий эдийн хувьд хараат болчихоод байдаг. Монголд даавуу үйлдвэрлэх боломжтой боловч утсыг нь үйлдвэрлэж чадахгүй учраас ялгаагүй импортоор л оруулж ирнэ. Тэгвэл Монголд юу байна вэ гэхээр ноос, ноолуур байна. “Ноолуураар дэлхийг гоёно” гэсэн уриатай “Гоёо” компани дэлхийн зах зээлд гараад, амжилттай явж байна шүү дээ. Гэхдээ эдгээр компани нь 750 тэрбум гаруй төгрөгний санхүүжилтийг “Ноолуур хөтөлбөр”-өөр дамжуулан авч байж, мөн дээрээс нь маш олон хуулийн зохицуулалт хийж байж дэлхийн зах зээл дээр гарч ирсэн. Монголд жилдээ есөн сая тонн ноолуур бэлтгэдэг. Түүнээс манай улсад ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх компани нийлж аваад аваад нэг сая тонныг нь л хэрэглэдэг. Үлдсэн найман сая тонн нь Монголд боловсруулалт хийгдээд л урагшаа гарчихаж байна. Харин энэ их хэмжээний ноолуурыг гадагшаа гаргахын оронд ноолуураар нь утас хийгээд утсаараа даавуу хийх боломжтой. Өөрөөр хэлбэл бид экспортод гарахын тулд харьцангуй давуу талтай байх ёстой. Тэр давуу тал нь ноос, ноолуур болж чадна. Одоогоор манайд “Могол” компани ноолуураар утас ээрж байна. Түүгээр нь “Blue sky” гээд компани даавуу хийж байгаа. Үнэ нь харьцангуй өндөр, мкв нь 35 мянган төгрөг гэдэг. Гэвч даавууг сайн эргэлтэд оруулаад, худалдан авалт нэмэгдээд байвал үүнийгээ дагаад өртгийн хувьд буурах боломжтой. Энэ бол бидний бас нэг давуу тал юм.
-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйлийг илүү тодруулж асууя. Засгийн газраар батлуулах “Оёдол хөтөлбөр”-т ажлын байр, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх, хууль эрхзүйн зохицуулалт гээд яг ямар санал ,санаачлагуудыг тусгаж өгсөн бол?
-Бүтээгдэхүүнээ экспортлох боломж бидэнд маш их байна. Холбоонд харьяалагддаг захирлууд маань Европын орнуудаар яваад ирэхдээ тэнд маш том зах зээл байна гэж хэлдэг. Жишээлбэл, сүлжээ дэлгүүрүүдийн гэрээ байгуулъя. Хятадтай харьцуулвал цахилгаан гурав дахин бага. Гэвч тухайн улс орны тавьдаг стандарт гэж бий. Түүний нэгдүгээрт оёдлын салбарыг дэмжсэн ямар нэгэн хөтөлбөртэй юу гэж асуудаг. Гэтэл манайд тийм хөтөлбөр байдаггүй. Тиймээс экспортод гаргая гэхээр наад захын шалгуур дээр очоод л уначих гээд байдаг. Тэгэхээр энэ хөтөлбөрийг гаргаад төр яг ямар оролцоотой дэмжих юм. Бид өөрсдөө юу хийх юм гэдэг зүйлсийг “Оёдол хөтөлбөр”-төө тусгаад Засгийн газарт өргөн барих гэж байна. Засгийн газраас өмнө нь “21-100” гэсэн хөтөлбөр гаргасан байдаг. Энэ нь 21 аймагт 100 үйлдвэр байгуулна гэсэн зорилттой. Гэтэл яг үнэндээ 100 үйлдвэр байгуулъя гэвэл оёдлын үйлдвэр л байгуулах хамгийн боломжтой. “Оёдол хөтөлбөр”-ийг яаман дээр аваад очихоор одоогийн Засгийн газар дэмжихгүй ээ. Дараагийн Засгийн газраар л шийдүүлэх боломжтой гэдэг.
Хэрэглэгч Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг харьцангуй хямд үнээр авах хүсэлтэй байдаг. Гэтэл төрийн бодлого нь ийм боломж, бололцоог бүрдүүлж чаддаггүй. 2005 онд гарсан “Оёмол, нэхмэл эдлэлийн түүхий эдийг татвараас чөлөөлнө” гэсэн хуулийн заалт нь 2017 онд гаргасан Захиргааны тухай хуультай зөрчилдөөд үйлдвэрлэгчид маань бүх түүхий эдээ гаднаас оруулахдаа татварт төлдөг. Татвараа төлөөд түүхий эдээ оруулъя гэхээр даавуунууд дээр жишиг үнэ гээд тогтоочихдог. Жишиг үнээ хамгийн өндөр үнээр бодно. Урдаас магадгүй гурван ам.доллараар авч байгаа юмыг энд 17 ам.доллараар үнэлж боддог. Тэгэхээр үйлдвэрлэгчид маань татвараа дийлэхээ байчихдаг. Энэ мэтчилэн үйлдвэрлэгч байгууллагуудаа дэмжих биш улам боймолж байгаа нь харамсалтай. Яг бодитойгоор дэмжсэн зүйл алга. Оёдлын салбарынхны нийтлэг ярьдаг асуудал нь хүний нөөц, төрийн бодлого, дэмжлэг гэдэг. Оёдлын бүтээгдэхүүн экспорт руу чиглэж байж л илүү хөгжинө.