Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт улаанхас чулуу олборлодог “Баатарван транс” ХХК-ийн талбайд энэ сарын 18-ны шөнө иргэд болон компанийн ажилчдын хооронд зодоон болж, 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн тул холбогдох байгууллагын шийдвэр гарах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг тус сумын Засаг дарга гаргажээ.
Зодоон болдог шөнө тус сумын иргэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан хийсэн мэдэгдэлдээ “Биднийг Баатарван компанийн захирал И.Баатарзоригттой уулзахаар очиход өөрсдийнхөө олборлолтын талбайд оруулаад чулуун бороо оруулсан, эмэгтэй хүнийг 12 метр гүн цүнхээл рүү шидэж хүнд гэмтээсэн. Ковшоор биднийг дайрч амь насыг хөнөөхийг завдсан” хэмээн мэдэгдэж байлаа.
Харин тус компанийн гүйцэтгэх захирал И.Пионер манай телевизэд өгсөн хариу тайлбартаа “Манай олборлолтын талбай руу нутгийн 200-300 иргэн шөнө дайрч орж ирсэн. Техник хэрэгслээ эвдүүлчихгүйн тулд бушуухан холдуулсныг дайрч алах гэсэн хэмээн тэд худал ярьж байна. Харин ч манай дөрвөн ажилтан зодуулж маш хүнд гэмтсэн. Нэг нь цусаар бөөлжөөд хэвтэж байгаа. Манай талбай бүрэн камержсан тул хэн буруутай нь ямар ч маргаангүй гараад ирнэ” гэсэн юм.
“Баатарван транс” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд 2014 оноос эхлэн Гурвантэс сумын нутагт улаанхас чулууны орд бүхий газрыг дангаар эзэмшин ашиглаж байгаа юм. Тус чулуу нь нэг кг нь 50-250 юаны үнэтэй бөгөөд тус компани өдөрт 300-400кг чулуу олборлодог гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал И.Пионер хэлсэн юм.