Урьд шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баатарван транс” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компанийн улаан хас чулуу олборлох талбайд Гурвантэс сумын иргэд зодууллаа гэдэг live бичлэгүүд явж эхэлсэн. Энэ мэдээллийн дагуу бид бүхэн “Баатарван транс” компанийн гүйцэтгэх захирал Ишхүүгийн Пионертэй ярилцлаа.
“Баатарван транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Пионер:
-Манай компани 2014 онд улаан хас чулуу олборлох тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагаас нь авч үйл ажиллагаа явуулж байгаа. Харин өчигдөр болсон үйл явдлын талаар хэлэхэд манай байгууллага руу шөнө хоёр гурван зуун нутгийн иргэд дайрч орж ирсэн. Тэд манай хашааг эвдэж орж ирсэн учраас арга буюу ковш техник хэрэгслээ холдуулж тавьсан юм. Хэрвээ тэгэхгүй бол хамаг цонхыг нь хагалж эвдчихдэг л дээ. Түүгээр ч зогсохгүй манай дөрвөн ажилтныг зодож маш хүнд гэмтээсэн. Нэг хүний бие тун тааруу онгоцоор хот руу авчрахаас өөр аргагүй байгаа. Биднийг 12 метрийн гүн цүнхээл рүү хүн шидсэн гэж хэлсэн нь шал худлаа. 12 метрийн гүн нүхрүү шидүүлсэн хүн гүйгээд явж байна гэж байхгүй биз дээ.
Өчигдөр өдрийн бичлэгийг та бүхэнд үзүүлье. Энэ бичлэгт “Газар нутгаа авъя. Та нар дөрвөн жил ухлаа. Одоо бид ухъя” гэж хэлж байгаа юм. Нинжа нар олборлолт хийхээр байгаль дэлхийгээ сүйдлээд хаядаг атлаа нэг ч төгрөгийн татварыг улсад төлдөггүй. Харин бид бол төлдөг. Нутгийн иргэдийн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг дааж, нөлөөллийн бүсийн айлуудад өвөлдөө тэжээл өгдөг. Бас сумын төв дээр ажлын байр бий болгох зорилгоор ахуйн үйлчилгээний төв хүртэл барьж байгаа.
Манай олборлох талбайд нутгийн хоёрхон иргэн л ажилдаг. Гурвантэс сумын иргэд үнэхээр хариуцлагагүй ажилладаг. Ажилд авахаар долоо хоног ирж ажиллачихаал 7 хоног алга болчихдог. Тэгснээ долоо хоногийн дараа юу ч болоогүй юм шиг хүрээд ирдэг. Ингэж болохгүй биз дээ. Бас өдөр нь ажиллах үедээ улаан хас чулуу хаана байгааг нь тогтоож авангуутаа шөнө тэр хэсэг рүү бөөнөөрөө дайрч ухдаг ч тал бий.
Бидний олбордог улаан чулууг барилгын өнгөлгөөнд ихээр ашигладаг. Улаан өнгөтэй болохоор нь хятадууд маш өндөр үнээр авдаг. Нэг кг чулууг 50-250 юанаар хятадууд авдаг. Манай компани өдөрт дунджаар 300-400 кг чулуу олборлодог.
Манай компанийн 40 хувь нь БНХАУ-ын иргэн Шү Гоашингийнх. Үлдсэн 60 хувь нь И.Баатарзоригтийнх. Гэхдээ улаан хас чулууны олборлолтыг 100 хувь манай компани хариуцан ажилладаг. Харин Шү гоашингийн хувьд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцдаг байгаа. Манай компанид хятадууд огт ирдэггүй гэж худлаа хэлэхгүй. Улаан чулууг нийлүүлэх зорилгоор хятадын худалдан авагчидтай үе үе уулздаг.
Зурагтаар Гурвантэс сумын н.Давааням гэх хүн уйлж ярьж байгаа бичлэгийг Ерөнхий сайд үзсэн байна билээ. Тэр хүн бол нинжа хүн. Манай талбайд нүх ухаад байж байгаа бичлэг нь хүртэл байгаа. Тэр хүн ямар хүн бэ гэдгийг Монголын ард түмэн үнэнээр нь мэдэх ёстой байх.