ХБНГУ-ын шүүх 2018 онд Будапешт хотоос Берлин хот руу их хэмжээний мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй эмч тээвэрлэж яваад баригдсан Монголын хоёр дипломатчийг шүүж байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж байна.
Тус улсын цагдаа нар 2018 онд А17 дугаартай хурдны замаар явж байсан дипломат дугаартай, консулын газрын машиныг зогсооход Монголын атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар нь 150,000 ширхэг тайвшруулах, мансууруулах үйлчилгээ бүхий Lorazepam бэлдмэл тээвэрлэж явсан нь илэрсэн. Уг эмийн нийт үнэ 600,000 евро хүрнэ. Хар тамхи, мансууруулах бодисыг тээвэрлэж явсан Монголын атташе хэлсэн үгэндээ “Бид Будапешт дэх консулын газраас битүүмжилсэн дипломат шууданг Берлин рүү хүргэхээр авч явсан. Уг шуудан дотор чухам юу байсныг огт мэдээгүй” хэмээн хэлсэн талаар Bild.de сайт мэдээлсэн юм.
Бид уг асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй холбогдож тодруулахад “ХБНГУ-д хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдаж шүүгдэж байгаа хүмүүс нь Гадаад харилцааны яам болон Консулын газартай ямар ч хамааралгүй. Энэ талаар манай хэвлэлийн албанаас тун удахгүй албан ёсоор мэдээлэл хийнэ” гэлээ.
Гэрэл зургийг: Olaf Rentsch, Зургийн тайлбар: Дипломат жолооч Э.Оргил шүүх танхимд гавлагдан орж байгаа нь