Бангладеш улсын нийслэл Дакка хотын ядуусын хороолол шатаж 10,000 гаруй иргэн орон гэрээ алдсан тухай олон улсын агентлагууд мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн шөнө гарсан галын улмаас Чалантика ядуусын хорооллын 1,200 гаруй байшин, овоохой шатжээ.
Ихэнх байшин овоохойн дээврийг хуванцраар түр торгоосон байсан тул гал хурдан газар авсан гэж тайлбарласан байна. Хорооллын оршин суугчид амь насаа алдсан тухай мэдээлээгүй ч олон арван иргэн түлэгдэж бэртжээ. Гал хаанаас эхэлсэн болон галын шалтгаан хараахан тогтоогдоогүй.
Орон гэрээ алдсан амьжиргааны түвшин доогуур иргэдэд Засгийн газраас дэмжлэг тусламж үзүүлэхээр болсон тухай Онцгой байдлын яамны сайд Энамур Рахман мэдэгдсэн байна. Амьдрах газаргүй болсон 10,000 ядуу иргэн суруулийн байруудад түр орогнож байна.
Гал сөнөөгчид галыг унтраахаар зургаан цаг гаруй тэмцжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Дакка хотын эртний дүүрэгт гарсан галын улмаас 80 орчим иргэн амиа алдсан бол эргийн Читтагон хотын ядуусын хороололд гал гарч есөн хүн амиа алдсан юм.
Эх сурвалж: www.bbc.com