Төр, нийгмийн зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын манлайлагч, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг үйлдэгдээд 21 жил өнгөрчээ. Гэсэн ч жил жилийн аравдугаар сарын 2-ны өдөр цэцэг өргөдөг хүндэтгэлийн зураг, хамтран зүтгэгчдийнх нь эргэн дурсах бараан царай энэ 21 жилийн турш жил бүр цоо шинээр хэвлэлийн хуудаснаа тухайн өдрийн гол үйл явдлын тэмдэглэл болон үлддэгээс өөрөөр олигтой ахиц гарсангүй.
Хэдийгээр хоёр жилийн өмнө уг хэргийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нар хамтран үйлдсэн хэмээн үзэж, гурван шатны шүүхээс ял оноосон ч өнөөдрөөс эхлэн уг хэргийн түүх дахин шинээр бичигдэж мэдэхээр болоод байна. Учир нь, дээрх нэр бүхий яллагдагчдад Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц тэргүүтэй тус газрын мөрдөгч, гүйцэтгэх албаны ажилтан О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, тус Цагдан хорих ангийн төлөөлөгч Э.Өлзийбаяр, С.Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг эрүү шүүлт үзүүлсэн эсэхийг тогтоох шүүх хурал Төв аймгийн сум дундын шүүх дээр өнөөдөр эцэслэгдэнэ. Хэрэв Төв аймгийн сум дундын шүүх дээрх нэр бүхий тусгай албаны албан хаагчдыг “Гэм буруутай, эрүү шүүлт үзүүлсэн нь үнэн” гэдэг шийдвэр гаргаж гэмээнэ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын хувьд хэргийг задлуулж, шинээр мөрдөн байцаалтыг эхлүүлэх хүсэлт гаргах эрхтэй болно.
Гэхдээ зөвхөн Төв аймгийн сум дундын шүүх төдийгүй Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй албан хаагчид давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж гэмээнэ энэ асуудал эцэслэн шийдэгдэх хүртлээ чамгүй урт хугацааг туулах магадлалтай юм. Харин энэ бүхний төгсгөлд Улсын Дээд шүүх “Эрүү шүүлт тулгасан нь үнэн” гэдэг шийдвэр гаргаж, эцсийн хариуцлагыг хуульчилсан тохиолдолд дээрх нэр бүхий гурван яллагдагчдад шинэ боломж нээгдэнэ. Нэг ёсны энэ удаагийн шүүхийн маргааны эцсийн шийдвэр тэдэнд хэргийг задлах боломж нээх ч шууд суллагдаж, шууд цагаатгагдах боломж олгохгүй гэж ойлгож болно. Иймд нэр бүхий улстөрчид болон яллагдагчдын цагаатгагдах хүсэл сонирхол эцсийн өдрөө биелэх хүртэл цаашид хэр их хугацаа авахыг ч төсөөлөхөд бэрх юм. Дээр нь, шүүхийн эцсийн шийдвэр “Эрүү шүүлт тулгасан, тулгаагүй” эс бол “Энэ хүмүүс С.Зориг агсны амь насыг хөнөөсөн, хөнөөгөөгүй” гэдгээр урт удаан цаг хугацааны дараа эцэслэгдэн шийдэгдлээ ч гэсэн тэрхүү шийдвэрийн учир шалтгаан, логик дүгнэлт, шүүгчдийн тунгаан бодсон хэргийн бүрэлдэхүүн баримт гээд үндэслэлийг олон нийт шууд мэдэх боломжгүй нь бас үнэн. Учир нь, энэ тухай Төв аймгийн сум дундын шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр “Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн маш нууцын зэрэгтэй шүүх хуралдаан наймдугаар сарын 12-ноос эхэлсэн.
Нийтдээ 49 оролцогч оролцож байна. Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох шүүх хурал нь маш нууцын зэрэглэлтэй учраас мэдээллийг 20 жил нууцлах ёстой байдаг. Төрийн болон албаны нууцын зэрэглэлийн дагуу шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна” гэсэн нь дээрх дүгнэлтийн тайлал юм. Эндээс харахад өнөөдөр 30 настай иргэн уг хэргийн бодит үнэнийг 50 настайдаа, эсвэл 40 настай хүн 60 настайдаа мэдэх боломжтой болно оо гэсэн үг. Харин Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц болон нэр бүхий улстөрчдийн зүгээс уг хэргийг улсын нууцаас гаргаж, олон нийтэд илэн далангүй нээлттэй мэдээлэл өгөх цаг болсон хэмээн үзэж буй. Харин яллагдагчид болох Ц.Амгаланбаатарын хамтран С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэмээн гэрчилж, яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нар болон тэдний ар гэрийн зүгээс хилс хэргийг эрүү шүүлт үзүүлэх замаар үүрүүлсэн гэдэг тайлбарыг хийсээр байгаа. Энэхүү тайлбарыг нь дэмжиж, мөн дээрх яллагдагчдыг улс төрийн золиос болсон хэмээн үзсэн жагсагчид өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн сум дундын шүүхийн өмнө таван өдрийн турш жагсаал цуглаан зохион байгуулж, Б.Хурц руу чамгүй хатуу дайралтууд хийсэн нь өдгөө бичлэгт үлдсэн байх. “АТОЗ”, “Нэхүүл”, “Босоо хөх Монгол”, “Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид”, “Эх нутаг зон олноо хамгаалцгаая”, “Даяар Монгол” төрийн бус байгууллага болон “Шударга иргэдийн нэгдсэн э вс эл ” намын төлөөллөөс бүрэлдсэн уг жагсагчдын тухайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын төвд болсон бүхий л жагсаал цуглаанд идэвхтэй оролцож, өөрсдийн дуу хоолойг илэрхийлж ирсэн. Энэ удаад гэхэд “Мананг устгаж, шударга ёсыг тогтооё” гэдэг уриаг олонтаа хашгирч, “Б.Хурцыг яллахгүй бол цаашид үргэлжлүүлэн тэмцэнэ” гэх шахалтыг Төв аймгийн сум дундын шүүхийн гадаа хийж байсан нь өнгөрсөн долоо хоногийн нийгмийн хамгийн идэвхтэй дүр зураг байлаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ч “Шүүх хурал тэнцвэргүй болж байна, чөлөөтэй мэтгэлцэх зарчим алдагдаж байна гэсэн мэдээлэл бидэнд ирж байна” хэмээн мэдэгдсэн нь хаалттай шүүх хуралдааны нээлттэй мэдээлэл байв уу, эсвэл санаатай гуйвуулга болчихов уу гэдэг талаасаа олны анхааралд өртсөн нь нууц биш. Харин хошууч генерал Б.Хурцын хувьд “Би тушаал өгөөгүй. Шүүх хурал дуусаагүй байна. Мэдээлэл өгөхгүй” гэдэг хатуу байр суурийг өнгөрсөн тав хоногийн хугацаанд илэрхийлсэн. Түүнчлэн хэрэг явдал эхлэх үед буюу Төрийн ордонд нэр бүхий яллагдагчдад эрүү шүүлт тулгагдсан гэгдэх бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлэх үеэр түүнийг эх орноосоо хил давж, оргон зугтсан гэдэг мэдээлэл цахим хуудсаар тараагдахтай зэрэгцэн өөртэй нь холбогдож байр суурийг нь тодруулахад тэрбээр “Цэргүүдээ орхиод зугтдаг генерал гэж байдаггүй юм. Миний цэргүүдийг, мөрдөн байцаагчдыг баривчилж байхад намайг Монголоосоо зугтана гэж бодсон байх. Тийм юм байдаггүй юм. Би хамтдаа шалгуулна. Цэргүүдээ хамгаална. Би галын шугаманд цэргүүдээ орхиод зугтдаг генерал биш шүү. Үнэнийг мухарлатал хамт байна” гэдэг тайлбарыг хийж байв. Ямартай ч энэ бол түүний тухайн үеийн байр суурь байсан. Өнгөрсөн долоо хоногийн турш өрнөсөн шүүх хуралдааныг ч тасалдуулах болон саатуулах ямар нэгэн оролдлого түүний зүгээс болон хамтдаа шүүгдэж буй албан хаагчдынх нь талаас гараагүй гэдгийг энд мөн онцлоход буруудахгүй л болов уу.
Харин жагсагчдын зүгээс үзүүлж буй дарамт шахалт, тодорхой хэмжээний дайралтаас, үүдэн шүүгдэгч нарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй өмгөөлөгч Б.Мэргэн “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль гэж байна. Үүнийг Гэрч, хохирогч, өмгөөлөгчийг хамгаалах тухай хууль болгох шаардлага нэгэнт бий болжээ” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Харин нэгэн үе С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан түүний гэргий асан Б.Булган энэ удаагийн шүүх хуралд хохирогчоор оролцож байгаа бөгөөд тэрбээр “Гэхдээ миний тэвчээр үнэхээр алдагдаж байна. Тэвчиж л байна. Ямартаа ч энэ асуудал дуусаг” гэдгээс өөр үг унагаагүй юм. Ийнхүү өнгөрсөн дол оо хоногийн ажлын өдрүүдийн турш буюу таван өдөр үргэлжилсэн шүүх хурлын дүн өнөөдөр эцэслэгдэж гарна. Гэхдээ энэ шүүх хурал анхных ч бус мөн эцсийнх нь ч биш болох нь туйлын харамсалтай хэрэг. Тэр дундаа, өнөөдрийн шүүх хуралдааны дүгнэлтийн үндэслэлийн тайллыг та бид 20 жилийн дараа л сонирхож сонсож гэмээнэ мэдэх боломжтойн д ээр т усгай албаны үүрэг гүйцэтгэгчдийн хувь заяа төдийгүй өдгөө гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ирээдүй ч хэрхэн шийдэгдэхийг хэлэхэд хэцүү. Гэхдээ урт удаан хугацаанд үргэлжилсэн хэрэг маргаан ийн эхэлж буй гэдэг нь бол харин үнэн юм.