НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн маргааш буюу 2019 ны 08-р сарын 19-ний өдрөөс манай улсад айлчлахаар болжээ. Тэрээр манай улсад болох Боао форумыг даргалах юм.
Давосын дэлхийн эдийн засгийн форумын жишгээр Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэх форум байгуулах санаачилгыг 1990-ээд оны сүүлээс Азийн нөлөө бүхий улс төрчид дэвшүүлсэн. Манай улс зэрэг Азийн 26 орон уг санаачилгыг дэмжсэнээр Азийн төлөөх Боао форум 2001 онд байгуулагдсанбайдаг. 2002 оноос хойш жил бүр зохиогдож буй Боао форумын жилийн уулзалтуудад манай төр, засгийн удирдлага тогтмол идэвхтэй оролцдог байна.
Азийн эдийн засгийн асуудлаар төр, засгийн албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийн түвшинд санал бодлоо чөлөөтэй солилцдог энэ форумыг манай улс энэ сарын 19-21-ний өдрүүдэд ийн зохион байгуулах юм. Боао форум Ази тивийн эдийн засгийн асуудлыг голчлон хэлэлцдэг хэдий ч энэ удаад эийн засаг, улс төр, байгаль орчин, аюулгүй байдал зэрэг өргөн хүрээнд болох бөгөөд “Шинэ эрин үе дэх хамтын ажиллагааны төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор болох юм байна.
Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Армида Алисжабана Монгол Улсад 8 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга 9 жилийн дараа манай улсад айлчлах гэж байгаа нь энэ юм. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам тээврийн дэд сайд Л.Халтар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нартай тус тус уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Түүнчлэн хатагтай А.Алисжабана Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцож, үг хэлнэ. Тэрээр 2018 оны 9 дүгээр сард АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон, Индонези Улсын иргэн юм.