Төв аймаг дахь эрүүгийн хэргийн шүүх дээр дөрөв дэх өдрөө үргэлжилж буй Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурлын явцыг ажиглахаар Арцмаагийн Ганхуяг ирсэн байхтай таарав. Тэрбээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн найман сарын турш Төв аймгийн хорих ангид хоригдож, эрүү шүүлт тулгагдан тарчилж байсан хүн юм. Бусдад эрүү шүүлт тулгасан хэмээн буруутгагдаж, гэм буруугаа шүүхээр дэнслүүлж буй дээрх есөн хүн түүнийг хэрхэн хэлмэгдүүлэн зовоосон талаар түүнтэй ярилцахыг хүссэн боловч тэрбээр цаг нь арай болоогүй байна хэмээн эелдэгээр татгалзсан юм. А.Ганхуяг хоёр сарын өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нартай хамт телевизийн нэвтрүүлэг оролцох үедээ Төв аймаг дахь шоронд түүнийг хэрхэн тарчлааж байсан талаар цухас дурдаад өнгөрсөн юм. Тэрбээр “Намайг найман сар хорихдоо нэг ч удаа агаар, салхинд гаргаагүй, агааржуулалтгүй, өмхий үнэртэй өрөөнд хорьсон. Өвлийн улиралд халаалтгүй, хүйтэн байранд хоригдсоноос болж бөөр муудсан. Өдөр, шөнөгүй маш хурц гэрэл асаалттай өрөөнд байснаас болж нүдний хараа муудсан. Намайг хоригдсоны маргааш эхнэр маань дулаан хувцас авчирч өгсөн ч тэрийг нь надад өгөөгүй. Монгол улс ардчилсан улс. Би ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй учир эндээс гарах ёстой гэж бодож байсан ч тэд цаазын ял тулгаж хүчээр хэрэг хүлээлгэхийг оролдож байх үед нь хэнтэй ч уулзуулахгүй ингэж байгаад цааш нь харуулчих вий ч гэх бодол төрдөг байлаа” хэмээн ярьж байсан юм.