Хиймэл дагуулын зурагнаас харахад Хятадын Ардын армийн хагас цэрэгжүүлсэн цагдаагийн бие бүрэлдэхүүн Хонконгийг Хятадын эх газартай холбодог гол хот Шэньжэнд иржээ. Барууны эх сурвалжуудын мэдээлснээр Ардын армийн 100 орчим техник хэрэгсэл Шэньжэний Бэй спортын цэнгэлдэх хүрээлэнд байрлалаа эзэлсэн байна.
Хятадын Ардын армийн цагдаагийн хүчний 1,5 сая бие бүрэлдэхүүн Ши Жиньпин даргын командалдаг Армийн төв хороогоор удирдуулдаг.
Энэ байдал нь Хонконгийн жагсагчдыг хүчээр дарахаар зэхэж байж болзошгүй гэсэн айдсыг төрүүлж байна. Хятадын Засгийн газар Шэньжэн хотод цугласан хагас цэрэгжүүлсэн цагдаагийн бие бүрэлдэхүүн дасгал сургуулилалт хийж буй ба Хонконгийн нөхцөл байдлаас хамааралгүй урьд өмнө төлөвлөсөн байсан гэжээ.
Гэсэн ч эх газрын эрх баригчид Хонконгийн жагсаалыг террорист шинж чанартай үйлдэл гэж мэдэгдсэний дараахан хагас цэрэгжүүлсэн цагдаагийн бие бүрэлдэхүүн Шэньжэнд ирсэн гэдгийг эх сурвалжууд онцолж байна.
АНУ-ын Төрийн департаментаас “АНУ Хятадын хагас цэрэгжүүлсэн бие бүрэлдэхүүн Хонконгийн хил дээр ирсэнд маш их зовниж байна. АНУ Бээжинд хандан Хонконгийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэн дүрэм журмыг чандлан баримтлахыг уриалж байна” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп “Америкийн тагнуулын алба Хятадын Засгийн газар цэргээ Хонконгийн хилийн ойролцоо байршуулсан гэж үзэж байна. Бүгд тайван, аюулгүй байх хэрэгтэй” хэмээн жиргэжээ.
Хятадын цэргүүд Хонконгийн хилд ойртсоноор 30 жилийн өмнө Тяньаньминий талбайд гарсан цуст мөргөлдөөний түүх дахин давтагдаж болзошгүй гэсэн хардлага сэрдлэгийг олон нийтийн дунд үүсгэж байна. Тяньаньминий талбайн жагсаал тэмцлийг Ардын чөлөөлөх арми хүчээр дарсан өдрийг Бээжинд нам гүмхэн өндөр хамгаалалтад өнгөрүүлдэг бол Хонконгт жил бүр олон нийтийн жагсаал зохион байгуулж амиа алдсан жагсагчдын дурсгалыг хүндэтгэдэг.
Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com