ОХУ-ын Дорнодын цэргийн районы 1,000 бие бүрэлдэхүүн маргааш буюу энэ сарын 15-ны өдөр эхлэх “Сэлэнгэ-2019” Орос, Монголын хамтарсан хээрийн цэргийн сургуулилалтад оролцохоор иржээ. Зэвсэгт хүчний алба хаагчид цэргийн 300 орчим тоног төхөөрөмжийн хамт гурван цуваагаар Монголын нутагт ирснийг ТАСС агентлаг мэдээлжээ.
Хойд хөршийн армийн Акация 152 мм-ийн өөрөө явагч их бууны систем, Град олон пуужин харвагч, Шилка агаараас хамгаалах өөрөө явагч систем, Т-72Б3 болон БМП-2 явган цэргийн байлдааны техник хамтарсан хээрийн сургуулилалтад оролцох юм байна. Түүнчлэн Забайкальскийд байрлаж буй Ми-24, Ми-8АМТШ нисдэг тэргүүд цэргийн сургуулилалтад оролцох техник тоног төхөөрөмжид багтжээ.
“Сэлэнгэ-2018” цэргийн сургуулилалт өнгөрсөн жил Оросын Буриадад болж Монголын Зэвсэгт хүчний 1,000 бие бүрэлдэхүүн оролцсон юм.
Эх сурвалж: www.tass.com