Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг явуулын оношилгооны багажаар хэмжих шалгалтын ажлыг энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас шугамын замд хийж эхэлжээ.
Эхний хоёр өдрийн байдлаар нийтийн тээврийн 13 компанийн их багтаамжийн 69 автобусыг шалгалтад хамруулахад утааны тортогжилтын хэмжээ стандарт хэмжээнээс их гарсан тул Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу тухайн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцон, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 93 чиглэлд 1200 автобус үйлчилж байгаа бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2016 оны 213 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгслийг жилд хоёр удаа техникийн үзлэг, оношилгоонд хамруулдаг байна.