СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-08-14

Одоо шударга шүүхийн төлөө үгээ хэлээч, У.Хүрэлсүх дарга аа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

“Өвлийн тэсгим хүйтэнд 30 мянган хүн шударга ёсны төлөө талбай дээр жагссаныг битгий мартаарай” гэж Түүнээс хойш даруй есөн сар өнгөрч, Ерөнхий сайд олон ч удаа шударга бустай тэмцэж, тухай бүр цуцалж, зогсоов. Хамгийн сүүлийнх нь Ерөнхий сайдын өөрийнх нь хэлсэнчлэн шунаж дуусдаггүй УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани. Улс орны хөгжлийн төлөө юу бодож сэтгэж, санаж сэрж яваа нь ойлгомжгүй (УИХ-ын гишүүн хүн улс орны төлөө л ажиллах ёстой гэдэг өнцгөөс харвал) байсаар ирсэн УИХын гишүүн Б.Чойжилсүрэн өөрийн бизнесээ цэцэглүүлэх гэж л гишүүн болдог гэсэн гүн сэтгэгдлийг бидэнд үлдээсэн.

Тиймээс Чойжилсүрэнгийн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах нь ард түмний хувьд мэдээж ариун бөгөөд шударга явдал. Гэхдээ “Сауд гоби коэл транс” ХХК-д зөвшөөрөл өгснөөс эхлээд өдийг хүртэл ямар нэг шийдвэр гаргасан төрийн байгууллагуудын сайд, дарга, мэргэжилтнүүдийн нэрийн жагсаалтыг гаргаад, буцааж нэг харвал ямар дүр зураг харагдах вэ. Тэд өнөөдөр бүгд ажлаа хийцгээгээд, өөр компаниудад тусгай зөвшөөрөл өгөөд явж байгаа. Ерөөс өмнөх бүх шийдвэр нь хууль бус юм бол хууль ёсны шийдвэр л гаргах ёстой төрийн түшмэд хэнд үйлчлээд байна вэ. “Сауд гоби коэл транс”-аар жишээлэхэд магадгүй төрийн сайд, дарга,түшмэд Чойжоод үйлчлээд, амин хувьдаа ашиг (авлига) олсон байх. Нэгэнт төрийн захиргааны байгууллагад ажиллаад амин хувьдаа ашиг олох боломж бололцоо нь дүүрэн байхад хэн ч үүнээс үл татгалзахын шалтгааныг Нобелийн шагналт эдийн засагч Жэймс Буканнан, Гордон Туллок нар Нийтийн сонголтын онол хэмээх бүтээлээрээ гаргаж иржээ. Төрд ажиллагсад ч хүн л юм чинь бусдын адил хувийн ашиг сонирхолтой байдаг гэж тэд баталсан байна. Хүний хувийн сонирхлын сайн тал хувийн хэвшилд илрэн гарч, баялгийг бүтээдэг бол муу тал нь нийтийн буюу төрийн албанд илэрч, улс үндэстнийг сүйрүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, төрийн албаны тогтолцоо, хууль хэрэгжих механизмыг сайжруулж л тэнд ажиллагсадын хувийн сонирхлыг хязгаарлана. Хүний хувийн сонирхлыг хязгаарлах хууль, журам нь цоорхой ихтэй, үнэн мөнийг тогтоох шүүх нь хараат болсон Монголд “Сауд гоби коэл транс”-т үйлчилсэн сайд, дарга нарыг нэг нэгээр нь буруутгах бас өрөөсгөл байгаа биз.

Харин шударга шүүхийн тогтолцоог бий болгох цорын ганц боломж бол яг одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Шударга ёсны төлөө “амь насаа алдахаас ч айхгүй зүтгэх”-ээ илэрхийлсэн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх та яг одоо шударга шүүхийн төлөө үгээ хэлээч. Таны хүссэн шударга ёсыг баталгаатай авч ирэх ганц найдвартай арга зам бол шүүх засаглалыг шударга болгох гэдгийг та мэдэж байгаа. Үүний төлөө МАН-ын гишүүд, намын даргатайгаа хамт үзэл санаа нэгтэй байгааг УИХ-ын ажлын хэсгээс орж ирсэн Үндсэн хуулийн төслөөс чинь анзаарсан. Гэхдээ шүүхийг өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн адил атгандаа байлгах санаархлаа Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг хэлэлцэх замын дундаас илэрхийлсэн нь шударга шүүхийн систем тогтох итгэл найдварт эргэлзээ үүсгэв. УИХ-ын Тамгын газраас сүүлд нийтэд мэдээлснээр бол бүх шатны шүүгчийг томилох эрх Ерөнхийлөгчийн саналаар Ерөнхийлөгчид хэвээр үлдэхээр болж байгаа гэх. Нэг хүний эрх мэдлээс нийт шүүхийн системийг салгахгүй бол Ц.Элбэгдоржийн араншинг Х.Баттулга нь давтах л болно. Учир нь сайн тогтолцоо, шударга ёсыг хуулиар л хэрэгжүүлэхээс нэг, хоёр сайн хүн бий болгодоггүйг хүн төрөлхтний түүх өөрөө нотолсон байдаг.

Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж буй яг энэ өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Шүүгчид зайлаарай” гэх үгийг хамгийн олон хэлж буйг анзаараа байлгүй. Шүүхэд шударга бусын хонгил үүссэн бол тэр шүүгчдийн буруу биш, шүүхийг сонгож томилж буй арга хэлбэрт байгаа. Тогтолцоо, системээ суурь хуулиараа сайн зааж, түүнийгээ хэлбэрэлтгүй мөрдөхгүй бол Милтон Фридманы хэлснээр “Хэн нэгэн онцгой шударга хүнийг олж сонгосноор асуудлыг шийднэ гэх нь тэнэг явдал” юм. Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох чин эрмэлзэл, мөнхүү хүслийг чинь дэмжиж байгаа ард түмнийхээ дунд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтэнг өнөө ч өндөр хэвээр байна. Үе үе гарч ирдэг шударга ёсны төлөөх тэмцэл чинь энэ рейтэнгийг барьж байгаа. Харин одоо мөнхөд рейтэнгээ барих алхмаа хий, шударга ёсны төлөөх зорилгоо биелүүл. Шударга ёсыг эцсийн эцэст шударга шүүхээр л дамжуулж тогтоож чадахыг ард түмэн мэдэж байгаа. Үүний төлөө залбирч, зохион байгуулалт бүхий хурал дээр биш юмаа гэхэд дотор сэтгэлдээ бол уйлж байгаа нь ч олон байх. Үнэхээр ард түмэн чинь шударга ёсны төлөө “уйлж” байна. Парламентыг бүрдүүлж байгаа эрх баригч намын даргын хувьд улс орны ирээдүйн хэдэн арван жилийн үзэл санаа болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар та өнөөг хүртэл байр сууриа илэрхийлээгүй. Одоо л яг байр сууриа хамгаалах цаг ирсэн байна. Таны рейтэнг Ерөнхийлөгчөөс давж гарсан, магадгүй Тост Тосон бумбын шийдвэрийн дараа бүр ч өссөн байх. Ялангуяа шүүхийн асуудлаар яг ямар байр суурьтай байгааг хүмүүс сонсохыг хүсч байна. Тэр хүмүүсийн нэг бол үүнийг бичигч би. Та шударга ёсны төлөө эцсийн үгээ шүүх засаглалын ирээдүйн хувь заяагаар төсөөлж нэг хэлнэ үү. Таны үгийг хүмүүс хүлээж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.