СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-14

С.Баясгалан: Визний хүнд суртал Монголд ирэх жуулчдын тоог хязгаарлаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай ярилцлаа.

 -Аялал жуулчлалын оргил үе шудрах тийшээ хандаж байна. Сүүлийн жилүүдэд Монголыг зорих жуулчдын тоо өсөх хандлагатай болсон. Энэ жилийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Аялал жуулчлалын орлого ч гэсэн дагаад өссөн. Монголд ирэх өндөр үр ашигтай жуулчдын суваг болох агаарын тээврийн даацын асуудал өнгөрсөн тав болон зургадугаар сараас нэмэгдэж эхэлсэн. “Asian airlines” нислэг хийх болсон. МИАТ компани нислэгийн давтамжаа нэмсэн. Ингэснээр зургадугаар сараас хойш илүү өндөр өсөлт харах боломж үүсч байгаа. Оны эцэст аялал жуулчлалын салбарын өсөлт одоогийн 10 гаруй хувиас өснө хүлээлттэй байна. Бидний зүгээс аялал жуулчлалын өсөлтийг 30 хувьд барих ёстой. Гэвч хэд хэдэн тулгамдсан асуудлууд бий.

- Тухайлбал, ямар асуудлууд байгаа вэ?

Сүүлээсээ 30 дугаар байранд явж байна. Тэр дотроо Монгол Улс олон улсад нээлттэй байдал буюу виз олголтын асуудал дээр сүүлийн 10-т орж байгаа. Зүүн Өмнөд Азийн бүх орон жуулчдад визгүй нэвтрэх тогтолцоо бүрдүүлсэн. Тайланд, Лаос, Камбож зэрэг аялал жуулчлал өндөр хөгжсөн орнууд руу нислэгийн тийзээ захиалаад л аялах боломж бүрдсэн. Манайхтай ижил далайд гарцгүй Киргизстан, Казахстан, Узбекистан гэх мэт Төв Азийн орнуудын олонх нь голлох 40-60 орчим улсын жуулчдыг визгүй нэвтрүүлдэг тогтолцоотой болсон байгаа. Гэтэл өнөөдөр өндөр үр ашигтайд тооцогддог Франц, Швейцарь, Австралийн жуулчид Монгол Улсад нэвтрэх виз авахын тулд 14 хоногийн өмнө мэдүүлэх шаардлагатай болдог. Парисаас өөр аль нэг хотод амьдардаг байлаа гэхэд заавал нийслэл рүүгээ очих шаардлага гардаг. Швейцарийн иргэд заавал Женевт очдог. Ийм хүнд сурталтай тогтолцоо жуулчдын тоог хязгаарлаж байгааг бид биш Дэлхийн эдийн засгийн форумаас гаргаж тавиад байна. Монгол Улс нэг өдөрт 72 мянган жуулчин хүлээн авах ор хоногийн нөөцтэй. Таваас есдүгээр сар хүртэл давтагдсан тоогоор 1.6 сая жуулчин хүлээн авах даац бүрэн хангалттай байна гэсэн үг. Гол нь визний нөхцөлөө хөнгөлж, агаарын тээврийн нэвтрэх чадвараа нэмэгдүүлж байж Монголд ирэх жуулчдын тоог эрс нэмэх боломжтой. Эрхүү хот гаднынхныг Байгаль нуурт татахаас гадна Эрхүүгээс эхлэлтэй нислэгийн тийз хямд учраас зорих жуулчдын тоо өсч байна. Мөн долдугаар сарын 1-нээс Эрхүүгийн нисэх дээр 18 орноос ирж буй жуулчдын визийг боомт дээрээ дардаг болсон. Тэгэхээр бид виз олголтын бодлогоо аялал жуулчлалын голлох орнуудын бодлоготой уялдуулах шаардлага гарч байгаа. Бид олон улсын аялал жуулчлалын зах зээлийг татах, жуулчдын аялах нөхцөлийг хөнгөвчлөх чиг хандлагаас хоцорч байна.

-Монгол Улс визний нөхцөлөө 2015 онд хөнгөвчилсөн тохиолдол бий байх аа?

-2014-2015 онд 42 орны иргэдийг визгүй зорчуулах арга хэмжээ авч үзсэн. Гэхдээ аялал жуулчлалын бодлогоо виз олгох бодлоготойгоо уялдуулж чадаагүй. Монгол Улс визгүй нэвтрүүлдэг болсон гэдэг сурталчилгааг хийж чадаагүй учраас жуулчдын тоо өсөөгүй. Тухайн үеийн аялал жуулчлалын бодлого нийт зах зээлийн урсгал руу чиглэгдэж чадаагүй болохоор 2015 онд зогсоосон. Одоо дэлхийн дахинд аялал жуулчлалыг хөнгөвчлөх, виз олголтоо цахимжуулах тогтолцоог нэвтрүүлээд байна. Гэтэл бидэнд цахим визний тогтолцоо ч байхгүй гэдэг нь хаалттай улсын тоонд оруулж буй гол шалтгаан. БОАЖЯ гадаадын иргэнд виз олгох асуудлыг хариуцдаггүй. Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яаманд харьяалагддаг асуудал. Бидний хувьд жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр 2019 онд олон арга хэмжээ авч байна. Гадаад сурталчилгаагаа эрчимжүүлэхийн тулд голлох зах зээлийн 15 орчим улсад зохион байгуулагдаж буй аялал жуулчлалын үзэсгэлэнд нэгдсэн зохион байгуулалттай оролцож байгаа. Тухайлбал,

-Та агаарын тээврийн даац хангалтгүй байгаа талаар дурдлаа. Жил бүр Монголыг зорих хүсэлтэй 100 мянган жуулчин агаарын тээврийн даац хүрдэггүйн улмаас аялах захиалгаа цуцалдаг гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр бодит тоо вэ?

-Яг энэ шалтгааны улмаас цуцалдаг эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ Агаарын тээвэр жилдээ 250-260 мянган л гаднын иргэн тээвэрлэх хүчин чадалтай байна гэдэг маань жуулчдын тоон дээр тавигдаж буй хязгаарлалт. Олон улсын зорчигч тээврийн даацыг нэмэгдүүлэхэд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал гол үүрэг гүйцэтгэнэ. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор олон улсын тээвэр 34 хувиар өсөх боломж бүрдэнэ. Үүнээс гадна тийзийн үнийн асуудал байгаа. Монголд ирснээс Европын орон руу нисэх нь хямд байдаг ч юм уу. Энэ өртгийг бууруулах бодлого хэрэгтэй байгаа. Дээрээс нь Монгол Улс агаарын тээврийн салбарт олон улсын ганцхан орц, гарцтай. Гэтэл Японы хот бүр олон улсын нисэх буудалтай. Монгол Улс Японоос олон дахин том газар нутагтай байж ганцхан хаалгатай. Баян-Өлгийд Бүргэдийн баяр үзэхээр ирсэн жуулчин эхлээд Улаанбаатарт газарддаг. Дахиад 2000 мянган км онгоцоор нисэхэд сая төгрөгийн зардал гаргаж, мөн адил хугацаа зарцуулдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд богино зайн хямд үнэтэй нислэгүүдийг нээж өгөх хэрэгтэй. Хятадаас ирэх жуулчин зөвхөн БээжинУлаанбаатар чиглэлд нисэх бус Манжуураас Дорнодод газардаж болно. Манжуурыг жилдээ гурван сая жуулчин зорьдог. Ингэснээр Говьд аялах сонирхолтой жуулчин заавал Улаанбаатарт бус Өмнөговьд газардах нөхцөл бүрдэх юм. Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахын тулд БОАЖЯ, Дэлхийн банктай хамтраад Торгоны замын улсуудыг дэд бүтцээр холбох төсөлд Монгол Улсын хамруулах саналаа боловсруулж байгаа. Энэ төсөл хэрэгжвэл, 2021 оноос богино зайн хямд нислэгүүдийг нэвтрүүлэх боломжтой.

-Урд хөршийн аялагчид дэлхийд тоогоороо тэргүүлж байгаа. Монгол Улсын хувьд ч Хятадын аялагчид тэргүүлдэг. Тиймээс хөрш улсын хувьд Хятадын зах зээл дээр голлон ажиллах шаардлагатай талаар мэргэжилтнүүд зөвлөдөг шүү дээ. Энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

- Бид нэг сая жуулчин авах зорилт тавьсан мөртлөө нэг сая гаруй жуулчнаа гадагшаа аялуулж байна. Монгол жуулчид маш их хэмжээний худалдан авалт хийдэг. Энэ чиг хандлагыг зогсоох боломжгүй. Хятад визгүй. Харин энэ урсгалыг Монголд аялах хятад жуулчдаар нөхөж байж эдийн засгийн тэнцлээ хадгалж чадна. Хятад жуулчид тоогоороо болоод зарцуулж буй мөнгөн дүнгээрээ дэлхийд тэргүүлж байгаа. Хятадын зах зээл дээр ажиллахын тулд бид хил дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Дорнод аймгийн цаахан Манжуурт олон сая жуулчин ирж байна. Манжуурт ирсэн жуулчид хилийн боомтын цаанаас зураг авахад 20 юань, боомтын зурвас дээр ирээд зураг авахад 60 юанийн хураамж төлж байх жишээтэй. Тэр төлбөрийг хятадууд авч байгаа. Тэгвэл бид яагаад 500-1000 юань зарцуул гээд 48 цагийн аялал зохион байгуулж болохгүй гэж. Гэтэл визний асуудал тулгардаг. Хятадын хил орчим амьдарч буй иргэд гадаад паспорттай адилтгаж болохоор цэнхэр үнэмлэхтэй байдаг. Тэр цэнхэр үнэмлэхээр Монгол Улсад аялах эрхийг манай тал нээж өгөөгүй байгаагаас тэд Монголд аялах асуудал хязгаарлагдаад байгаа юм. Мөн Монгол Улсад ирж буй хятад жуулчдын тоонд барилгын ажилчдыг оруулдаг гэх өрөөсгөл ойлголт явдаг. Тийм зүйл байхгүй. Суралцах болон ажиллахаас бусад зорилгоор ирж буй хятад иргэдийг жуулчинд тооцдог. Энэ бол олон улсад хэрэглэгдэж буй тодорхойлолт. Олон улсад тухайн улсдаа 1-365 хоног болоод ямар нэг байдлаар эдийн засгийн харилцаанд орж байгаа л бол жуулчинд тооцно гэж томъёолдог.

-Замын-Үүдийн боомтоор өдрийн аялагчид орж ирж байхтай таарсан. Тэднийг жуулчин гэж үздэг үү?

-Өдрийн аялагчдыг жуулчин бус зорчигч гэж авч үздэг. Олон улсад 24 цагаас доош зорчиж буй гадаадын иргэдийг зочин гэж авч үздэг. Яг эдийн засгийн үр ашигтай байхын тулд тэр гадаадын иргэн ядаж нэг хоноод, зочид буудалд нь мөнгө төлөөд гардаг байхад анхаарах хэрэгтэй байгаа юм. Тиймээс хил дагуу аймгууддаа аялал жуулчлалын үр өгөөжийг хүртээхийн тулд энэ чиглэлийн аялалыг хөгжүүлэх шаардлагатай байгаа гэдэг асуудлыг бодлогын түвшинд авч үзсэн. Өнгөрсөн долдугаар сард хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тогтоолын төслийг Засгийн газарт оруулсан боловч дэмжигдээгүй. Хил орчмын аймгуудын саналыг оруулж ир гэсэн чиглэл гарсан байгаа.

-Хятад, Монгол хоёрын аялалжуулчлалын салбарыг ярихаар Өвөрмонголтой жишдэг. Өвөрмонголчууд олон арван сая жуулчин авч байна. Гэтэл манайх нэг жуулчин хүлээж авах зорилт тавиад олон жил боллоо гэдэг ч юм уу. Яагаад ийм том зөрүү гардаг юм бэ?

-Өвөрмонголыг зорьж буй жуулчдын бараг 87 хувь нь дотоодын буюу хятад иргэд. Мөн Өвөрмонголын аялал жуулчлалын онцлог нь богино хугацааных байдаг. Өвөрмонголд очсон хятад иргэд нэг удаагийн аялалдаа 3-4 хоног зарцуулж, 400 орчим ам.долларын зарцуулалт хийнэ. Харин Монгол Улсад ирж буй жуулчин нэг удаадаа дунджаар ес хоног аялаад, 1400 орчим ам.долларын зарцуулалт хийдэг. Монгол Улс харьцангуй өндөр үр ашигтай зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээтэй улс гэж болно. Өвөрмонголын аялал жуулчлалын салбарт нэгэнт дотоодын урсгал байгаа. Тэд Монголыг зоръё гэхэд визний хүндрэлтэй тулгардаг. Тиймээс өвөрмонголчууд нэгэнт ирж байгаа жуулчдад үзүүлэх юмтай байхын тулд хиймэл зохиол бичээд маш их бүтээн байгуулалт хийх болсон. Жуулчдад өгч буй бүх мэдээ, мэдээлэл нь түүхийг ашигласан байдаг.

Монгол Улсын хувьд Хятадын масс жуулчдыг авах гол зорилго биш. Гэхдээ язгуурын Монгол гэдгээрээ ялгарч, бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгох ёстой. Бидэнд Хонконг, Макао, Шанхай, Шандун гэх мэт маш өндөр орлоготой, маш том зах зээл байна. Дэлхийн зах зээл тэдний жуулчдыг татахын тулд ажиллаж байгаа. Энэ нь ч үүднээс Монгол Улсын Засгийн газар 2018 оноос түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Уг бодлогын хүрээнд бид Өвөрмонголоос Чингисийн төрсөн нутаг гэдгээрээ ялгарч байж жуулчдыг татах юм. Тэднийг Монголд татах, зөвхөн нэг удаагийн бус байнгын давтамжтайгаар ирдэг болгохын тулд түүхэн аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлсэн. Энэ онд хоёр, ирэх жил хоёр цогцолбор ашиглалтад орно. Тиймээс шат дараатай арга хэмжээ авахын тулд визний асуудлаа цэгцлэх, агаарын тээврийн даацаа нэмэгдүүлэх, ирсэн жуулчдад үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг бэлдэх шаардлагатай. Түүнчлэн яг тухайн орон нутгийн иргэд ажлын байртай болж, орлого олдог байх асуудлыг цогцоор нь шийдэх бодлого баримталж байгаа.

-БНХАУ-ын дараа ОХУын жуулчид ордог. Орос жуулчдын урсгал хэр байгаа вэ?

-Манай хоёр дахь том зах зээл бол ОХУ. Гэвч Европын хоригтой холбогдуулаад ОХУын жуулчдын тоо буурах хандлагатай байгаа. ОХУ-ын дараа Солонгосын жуулчид ордог. Солонгос жуулчдын тоо өнгөрсөн оны оргил үед 35-40 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Энэ өсөлт саарахгүй бол Солонгосын жуулчид хоёрдугаарт орж ирнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.