Гачуурт ХХК-ийн захирал Л.Чинбатын тэргүүлсэн Үндэсний Бөхийн Холбоо мэдэгдэл гаргаж, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд албан ёсны шаардлага хүргүүлжээ.
Уг шаардлагад,
“Үндэсний их баяр наадмаар авсан сэргээшийн шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн болно. Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулах хороо зарлана” гэжээ. Улмаар уг шаардлагадаа шинэ аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн хэмээн мэдэгдэж, олон нийтээс уучлал гуйхыг шаарджээ. Мөн түүний сэргээш хэрэглэснээ будлиантуулах гэж байгаа талаар ч дурджээ.
Гэвч уг шаардлагыг үндэслэлтэй гэж үзэх нь учир дутагдалтай. Учир нь Үндэсний бөхийн хоёр холбоо/Б.Бат-Эрдэнийн тэргүүлсэн холбоо, Л.Чинбатын тэргүүлсэн холбоо/-ны аль нь хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж буй нь өнөөг хүртэл тодорхойгүй, шүүхийн албан ёсны эцсийн шийдвэр гараагүй байгаа билээ.
Харин Улсын аварга Э.Оюунболд болон түүний багш Б.Бат-Эрдэнэ нар албан ёсоор тайлбар, мэдэгдэл хийхгүй байгаа нь түүнийг сэргээш хэрэглэсэн гэх хардлагыг нийгэмд илүү их төрүүлээд байна.
Үүн дээр нэмээд Үндэсний бөхийн барилдааны бага шөвөгт үлдсэн 16 бөхийн 14 нь ямар нэгэн байдлаар сэргээш хэрэглээгүй хэмээн мэдэгдэж, хэрэглэсэн бөхчүүдийг эсэргүүцэж байгаагаа зарлаад байгаа нь ч уг хардлагыг улам баталгаажуулаад байгаа юм.
1. Улсын аварга Ч.Санжаадамба /мэдэгдсэн/
2. Улсын начин Н.Баярбаатар /мэдэгдсэн/
3. Улсын аварга Н.Батсуурь /мэдэгдсэн/
4. Улсын аварга С.Мөнхбат /мэдэгдсэн/
5. Улсын арслан П.Бүрэнтөгс /мэдэгдсэн/
6. Улсын аварга Э.Оюунболд
7. Улсын арслан Ц.Содномдорж /мэдэгдсэн/
8. Улсын гарьд Б.Гончигдамба /мэдэгдсэн/
9. Улсын начин Ж.Ням-Эрдэнэ
10. Улсын харцага Б.Бат-Өлзий /мэдэгдсэн/
11. Улсын начин Б.Цэдэнсодном /мэдэгдсэн/
12. Улсын начин А.Давааням /мэдэгдсэн/
13. Улсын начин Д.Цэрэнтогтох /мэдэгдсэн/
14. Улсын өсөх идэр начин Э.Энхбат /мэдэгдсэн/
15. Улсын харцага Д.Анар /мэдэгдсэн/
16. Улсын начин Б.Орхонбаяр /мэдэгдсэн/
Хэрэв Улсын аварга Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн нь батлагдвал түүний барилдах эрхийг хоёр жилээр хасч, цолыг хураахаас гадна, ард түмнээс уучлал гуйх дүрмийн заалттай.
Түүнчлэн Э.Оюунболдын
9 дэх давааг хүчингүй болгож Улсын аварга Н.Батсуурьт Даян аварга цол олгох,
8 дахь давааг хүчингүй болгож Улсын арслан Ц.Содномдоржид чимэг нэмэх
7 дахь давааг хүчингүй болгож Улсын харцага Д.Анарт Улсын заан цол олгох
6 дахь давааг хүчингүй болгож Улсын начин Б.Цэрэнсодномд Улсын харцага цол
5 дахь давааг хүчингүй болгож аймгийн арслан Н.Мустафад Улсын начин цол олгож нэг, хоёр, гурав, дөрөв дэх даваанд учирсан бөхчүүдийг ч мөн давсанд тооцох ёстой юм.
Гэвч эцсийн шийдийг Монголын үндэсний бөхийн холбоо гаргахгүй. Тийм эрх үгүй. Ямар шийтгэл оноох, сэргээш хэрэглэсэн нь "Б" сорьцоор баталгаажсан эсэхийг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, тэр дундаа тус хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин зарлах учиртай. Тэрнээс наана яригдаж байгаа бүхэн хий таамаг төдий юм.
Хэдийгээр, сэргээш хэрэглэсэн нь батлагдсан бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасч, цолыг хураахаас гадна, ард түмнээс уучлал гуйх дүрмийн заалттай ч хэрэв сэргээш хэрэглэсэн нь батлагдвал Э.Оюунболдын Монгол улсын аварга цолыг хураахгүйгээр, барилдах эрхийг нь хоёр жилээр хасч магадгүй гэсэн таамаг өндөр байна. Учир нь өмнө нь сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон у.г Ө.Бат-Орших, у.з Б.Пүрэвсайхан, у.н Э.Даш нарын цолыг хураахгүйгээр барилдах эрхийг хоёр жилээр хасч байсан билээ.
Ингээд та бүхэндээ "Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатын тэргүүлсэн МҮБХ-ны шаардлагыг сонордуулъя.