Уул уурхай тойрсон уршиг ихтэй явдал манайд их байна. Сүүлийн үед орон нутгийн Засаг дарга нар уул уурхайн компаниудыг рекэтэлдэг болсон тухай мэдээлэл нэлээд дуулдах болсон.
Тэгвэл энэ удаад бидэнд Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Б.Самбуу гэдэг нөхөртэй холбоотой бас нэг мэдээлэл ирлээ. Дээр дурдсанаас арай өөр нь Засаг дарга Б.Самбуу сумынхаа нутагт үйл ажиллагаа явуулдаг “Заамар хаан” компанийг реэкэтлэх бус тэднийг хамгаалан нутаг орноо сүйдлэх шахаж байгаа аж.
Тодруулбал, Заамар сумын Хайлааст багийн Хайлаастын ам гэж орон нутгийн тусгай хамгаалалтын газар байдаг юм байна. Тэнд 2017 оны 7,8 дугаар сард “Заамар хаан” ХХК нь хууль бусаар буюу бидний ярьж заншсанаар нинжа аргаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан байна. “Заамар хаан” ХХК-ийн захирал нь Б.Мөнхбат гэдэг хүн байдаг юм байна. Тэрээр тухайн бүс нутгийн байгаль орчинд их хэмжээний хохирол учруулжээ. Учируулсан хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол 200.000.000 /хоёр зуун сая/ гаруй төгрөг болж буй байгаа гэнэ.
Хамгийн гол нь “Заамар хаан” ХХК буюу Б.Мөнхбат захирал Заамар сумын Засаг дарга Б.Самбуу гэгчтэй хуйвалдаж, хууль бус гэрээ байгуулсан тусгай хамгаалалтын газарт үйл ажиллагаа явуулсан байгаа юм.
Заамар сумын Засаг дарга Б.Самбуу ч хувийн ашиг сонирхлоор уул уурхайн компаниудтай харилцаад сурчихсан этгээд бололтой юм. Тэрээр Заамар суманд хууль ёсоор хайгуулын болон ашиглалтын лизенз эзэмшдэг компаниудаас тус бүр зуугаар тоологдох сая төгрөг нэхэж, өөрийнхөө хамаарал бүхий ТББ-аар дамжуулан авдаг мэдээлэл байна. Ингэхээр мань Б.Самбуу ийм “ажиллагаа”-ндаа ихээхэн гаршсан этгээд болох нь харагдаж байгаа юм.
Харин “Заамар хаан” болоод Засаг даргын үйлдлийг орон нутгийн иргэд ихээхэн эсэргүүцдэг юм байна. Гэвч “Заамар хаан” ХХК-ийн захирал Б.Мөнхбат эсэргүүцээд байдаг орон нутгийн засаг захиргааны албан хаагчид, иргэдийн заримд “Бидний үйл ажиллагаанд битгий саад болоорой” гэж мөнгө өгөөд дуугүй болгодог байна. Хэрвээ тэрийг нь авахгүй бол шорон оронгоор олон жил явсан үл бүтэх этгээдүүдээр сумын оршин суугчдыг дарамталж, дээрэлхүүлдэг болсон байна.
Хамгийн харамсалтай нь тэдний үйлдийг жил гаруйн хугацаанд шалгаж буй Төв аймгийн Цагдаагийн газар, Төв аймгийн прокурорын газрынхан өнөөг хүртэл нэг тийш болгож чадахгүй байгаа аж.
Шуудхан хэлэхэд, энэ хэрэгт хяналт тавьж буй Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Алимаа нь “Заамар хаан” ХХК болон Засаг дарга Б.Самбуу нарын талд ажиллаад байж магадгүй нөхцөл байдал харагдах болсон гэдгийг нутгийн иргэд хэлж байгаа юм.
“Заамар хаан” ч энэ мэтээр хуулийнхныг аргалахдаа мэргэшсэнийг эх сурвалж бас хэлж байгаа юм. Тус компанийг Мөрдөн байцаах газрын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ашигт малтмал хууль бусаар олборлосон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, 2012-2016 оны хооронд шалгажээ. Гэвч тэд хэргээ мөнгөөр хаалгаж өдгөө хавтаст хэрэг МБГ-ын архивт тоосонд дарагдаад хэвтэж байгаа аж.
Гэтэл тэд дахиад л ийм аргаар хэргээ нуун дарагдуулахаар ажиллаж эхэлсэн байна.
Ингэхдээ хууль бусаар Нөхөрлөл гэдэг нэрээр гэрээ байгуулж хүртэл тусгай хамгаалалттай газрыг ухаж байгаа юм байна. Үүнийг нутгийн иргэд хийгээд, тус нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь мэдүүлсэн байтал Төв аймгийн цагдаагийн газар, Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Алимаа огт хөдлөхгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Ерөөс С.Алимаа “Заамар хаан”-тай холбоотой хэргийг хувийн ашиг сонирхлоор бүтэн гурван сарын турш дарж, Засаг дарга Б.Самбуу “Заамар Хаан” ХХК-ийн захирал Б.Мөнхбат нарыг хамгаалаад сууж байна гэж ойлгогдож байгаа юм.
Ингэсэн байх магадлалтай аудио болон видео бичлэг, бичиг цаасны олон нотлох баримт байна.
Монгол Улс хуультай. Хэнбугай ч хуулийн өмнө тэгш эрхтэй. Тиймээс Засаг дарга Б.Самбуу, “Заамар Хаан” ХХК-ийн захирал Б.Мөнхбат нар, бас прокурор С.Алимаа нар хуулийн дор амьдрах үүрэгтэй юм.
Бид тэдний талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
П.Очир