Жил хүрэхгүйн өмнө гэр бүл болж шүтэн бишрэгчдээ баярлуулж байсан Майли Сайрус, Лиам Хемсворт нар салахаар болсноо мэдэгджээ. Америкийн дуучин Сайрус, Австралийн жүжигчин Хемсворт нар хуримаа хийгээд ердөө найман сарын хугацаа өнгөрсөн юм.
Николас Спаркын “Сүүлчийн дуу” кино бүтээлээр 10 жилийн өмнө анх танилцаж байсан хосын салалт шинэ долоо хоногийн эхэнд энтертайнмент ертөнцийн онцлох мэдээ болж байна. Салалтын талаар Майлигийн хэвлэлийн төлөөлөгч CBS телевизэд мэдэгдэхдээ “Майли, Лиам нар салах тал дээр санал нэгдсэн. Хосууд, хувь хүмүүс өөрчлөгдөхийн хэрээр өөрсдөд нь тохирсон хамгийн зөв шийдвэрийг гаргасан гэж үзсэн. Хэдийгээр тэд салсан ч хайртай амьтдадаа эцэг эх нь хэвээр үлдэх ба хосын гаргасан шийдвэр, хувийн орон зайг хүндэтгэхийг хүсч байна” гэжээ.
Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаар дамжуулж хосын харилцаа өнгөрсөн хугацаанд тогтворгүй байсныг онцолжээ. Тухайлбал тэд танилцсанаасаа хойш 2013 онд салж 2015 онд эргэн нийлж, 2018 онд гэрлэсэн билээ. Хэдийгээр тэдний хурим сүр дуулиан дагуулаагүй ч зөвхөн дотны хүмүүсийнхээ хамтаар амьдралаа холбосноо бататгаж өнгөрсөн 12 дугаар сард цахим сүлжээнд хуримын зургаа байршуулсан юм.
Амралтын өдрүүдэд Майли Инстаграм хуудсандаа зургаа байршуулсан ч түүний гарт хуримын бөгж нь харагдахгүй байсан талаар шүтэн бишрэгчид нь ярьж байсан бол ийнхүү сураггүй болсон хуримын бөгжийг дахин зүүх шаардлагагүй болсон гэдгийг мэдэгдлээ.
Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com