Тагнуулын ерөнхий газраас 60 тэрбумын бичлэгтэй холбоотой хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдлүүлэхээр өчигдөр прокурорт шилжүүлжээ. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группийн захирал А.Ганбаатар нарт төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин иргэн Г.Доржзодовт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Хэргийг сануулбал, УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг олон нийтэд ил болсон. Уг бичлэгт УИХ-ын дарга асан М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группийн захирал А.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөг босгох схем ярилцсан ярианы бичлэг гардаг.
Нэг цаг 30 орчим минут үргэлжилдэг уг бичлэгийг эвлүүлэг мөн биш хэмээн прокурорын байгууллагаас хэд хэдэн удаа дараа хэрэг үүсгэж бас хааж байсан юм. Олон нийтэд дуулиан тарьсан уг бичлэгийг хийсэн Г.Доржзодов нь “Шинэ Монгол хаад” группийн Стратеги хариуцсан албан тушаалд томилогдоод удаагүй байхдаа буюу 2014 онд бичлэгийг хийж байсан аж.