Өчигдөр Төв аймгийн Баяндмань суманд болсон овооны наадамд хурдан морь унаж уралдсан 10 настай хүүхдийг “Морь түрүүлгэсэнгүй” гэх шалтгаанаар уяач нь зодож хүнд гэмтэл учруулсан гэх ноцтой мэдээлэл нийгэмд тархсан. Энэ мэдээллийн дагуу ямар ажиллагаа явуулж байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодруулахад “Манай байгууллага энэхүү ноцтой мэдээлэл гарсан даруйд мэдээлэл цуглуулах ажиллагааг эхлүүлээд байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй холбогдож хүүхдийн биеийн байдал ямар байгаа, хэний асрамж хамгаалалтан дор байгааг тодруулах чиглэлийг холбогдох хүмүүст үүрэг болгосон. Цагдаагийн байгууллага руу холбогдож энэ хэргийг хэрхэн шалгаж байгаа эсэхийг тодруулах ажил явагдаж байна. Төв аймагтай холбогдоход албан ёсны баяр наадам уралдаанууд дууссан гэдэг мэдээллийг өгсөн. Хүүхдийг зодсон гэх асуудал гарсан уралдаан нь жижиг овооны наадам байсан учраас бидний хяналтад орохгүйгээр болсон байна. Унаач хүүхдийг зодож гэмтээсэн гэх мэдээллийг сайтар нягталж, холбогдох бүх мэдээллийг цуглуулсныхаа дараа манай байгууллагаас албан ёсны мэдээлэл өгнө” гэв.