СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2019-08-09

Америкаас ирсэн айлчлалын агуулга нь юу байв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 Америкаас ирсэн айлчлалын агуулга нь юу байв Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж ирээд хэдхэн хонож байна. Айлчлалын үеэр Цагаан ордонд АНУын Ерөнхийлөгч Доналд Трамп хүлээж авч биднийг “Баатарлаг, дайчин ард түмэн” гэж баахан магтаад буцаасан байдаг. Аяных нь тоос бараг буугаагүй байтал араас нь Америкийн Батлан хамгаалахын сайд, Пентоганы тэргүүн Марк Эспэр гэдэг лут амьтан манай улсад өчигдөр ирлээ. Энгийн цагт бол том хүндэтгэл гэж ойлгохоор үйл явдал л даа. Тиймээс улаан хивс дэлгэж, Сүхбаатарын талбайд угтаж аваад Чингисийн хөшөөнд мөргөөд, есөн хөлт цагаан тугт танхимд хэвлэлийн хурал хийгээд маналзуулах байлаа. Гэтэл манайхан зайлуул ус балгасан мэт дуугүй байсаар л үдлээ дээ. Хоёр том хөрш маань АНУ-тай асуудалтай байгаа. Нэг нь худалдааны дайн хийж, долларын ханшаар тоглож байгаа бол, нөгөөх нь олон төрлийн хоригийн маргаантай. Нөхцөл байдал ийм болохоор Халх голын байлдааны тэгш ойд оросын томчууд ирэхгүй гэж айсан уу, хятад дарга нар дургүйцнэ гэж бодсон уу мэдэхгүй. Төрийн томчууд маань өөрсдийн санаа оноо гэх юм ямар ч байсан хэвлэлд гаргасангүй.

Сэтгүүлчдэд дуулгаж мандат өгөх нь байт угай ирснийг бараг нууцлах дөхлөө. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээж авч уулзаад морь бэлэглэсэн тухай л мэдээлэл гарч байна. Гэхдээ гадаадын хэвлэлүүд бол ажлаа хийж яваа бололтой. Оросын зарим мэдээллийн хэрэгсэл “АНУ-ын зүгээс Монголд пуужин суурилуулах сонирхолтой байна” гэж цуурсан байгаа юм. Ингээд айлчлал тойрсон мэдээллүүдийг тоймлон хүргэе.

Монголын хүйтэн агаарт америк цэргийг чийрэгжүүлэх үү

Дэлхийн 200 гаруй оронд салбартай, нэг төв нь АНУ-д байрладаг “Ройтерс” агентлагийн мэдээнд“ АНУ-ы н Б атл а н хамгаалахын сайд Марк Эспэр Монгол Улсад айлчилж, холбогдох албан тушаалтнуудтай нь уулзаж байна. Монгол Улс нь Пентагоны хувьд стратегийн хувьд ач холбогдол бүхий газар юм. Орос, Хятад хоёрын дунд түгжигдсэн Монгол Улсыг Пентагон ойрын 10жилийнхээ тэргүүлэх чиглэл гэж харж байж болох юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахынхаа өмнө “Монгол Улсад айлчилж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцааг цаашид улам бэхжүүлэх өөр боломж байгаа эсэхийг харах боломж олгож байгаа юм” гэжээ. Түүнчлэн “Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар, АНУ-ын талаас айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Пентагоны өндөр албан тушаалтан энэ удаагийн айлчлалын талаар “Миний бодлоор Батлан хамгаалахын сайд Марк Эспэр Монголтой түншлэлийн харилцаагаа цаашид өөр салбарт бэхжүүлэх боломж байгаа эсэхийг олж мэдэхийг оролдож байх шиг байна. Магадгүй Монголын хүйтэн цаг агаарыг ашиглаж, цэргийн бэлтгэл хийх зэргээр харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэж ч байж болох юм” гэжээ. Эсперийн энэ удаагийн айлчлал нь АНУ, Хятадын худалдааны дайн хурцадмал байдалд хүрсэн үед болж байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Пхеньянтай хийж буй яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод буй энэ үед Хойд Солонгостой төмөр замаар шууд холбогддог Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байж ч болох юм” гэсэн утгатай мэдээлэл гаргажээ. “Ройтерс” дээр нэрийг нь дурдаагүй албан тушаалтан Монголд цэрэг байлгаж болох тухай хэлчихсэн юм биш үү. Үгүй байсан ч тэгж ойлгогдохоор өгүүлбэр мэдээлэл дунд нь явж байна. Дээр нь Америкийн Батлан хамгаалахын сайд, Пентагоны тэргүүн Т.Эспэрийн “Энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцааг цаашид улам бэхжүүлэх өөр боломж байгаа эсэхийг харах боломж олгож байгаа юм” гэдэг өгүүлбэр дэмий үг байсан уу гэдэг ч өөрөө асуултын тэмдэгтэй үлдлээ. Мөн бид хэчнээн үгүйсгэсэн ч АНУ, БНХАУ хооронд өрнөөд байгаа худалдааны дайны талаар гадаадын хэвлэлүүд МонголАмерикийн дотнослыг холбожойлгоод байгааг энэ мэдээнээс харж болно. Ерөөсөө жил хүрэхгүйн өмнө манай Ерөнхий сайдыг очиход бараг үл тоох шахсан АНУ одоо ийн хөл алдах болсон дээр бид ч гэнэн царайлаад байж таарахгүй л дээ.

Бэлгийн адууг “маршал” гэж нэрлэлээ

Бичлэгийн эхэнд дурдсанчлан АНУ-ын Батлан хамгаалахын сайдын айчлалын үеэр манай талаас юу ярьсан тухай мэдээлэл гараагүй. Өчигдөр 18.00 цагийн байдлаар айлчлалтай холбогдуулан Батлан хамгаалах яам өөрийн албан ёсны сайт дээр товч мэдээлэл тавьснаас өөр албан мэдээлэлгүй байлаа. Тэр мэдээнд “УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр уулзлаа. Түүнийг Монгол Улсын БХЯ-нд хүрэлцэн ирэхэд хүндэт харуул, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, хүндэтгэл үзүүлж, хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн юм. Дараа нь ноён Марк Эспэр тэргүүтэй АНУ-ын Батлан хамгаалах салбарын зочид Монгол Улсын Батлан хамгаалах,Зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцлоо. Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ноён Марк Эспэрийг хүндэтгэж, түүнд адуу бэлэглэсэн. Энэ үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр хэлсэн үгэндээ “Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыгсахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Цаашдаа ч энэ харилцаа улам батжиж, өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм. Тэрбээр ярианыхаа төгсгөлд “ ... Намайг хүндэтгэж морь бэлэглэсэнд би маш их баяртай байна. Энэ морийг манай улсын эрэлхэг генерал Жеорж Маршалын нэрээр нэрлэе. Учир нь тэр хүн Дэлхийн II дайны дараа Хятад улсад цэргийн үйл ажиллагаанд оролцож байхдаа монгол адуу унаж байсан түүхтэй” гэв. Дараа нь ноён Марк Эспэр Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд морилж, монголын эртний түүхтэй танилцаж, дурсгалын зураг татууллаа” гэсэн байна. Энэ мэдээнд ч сонирхол татахуйц үг, өгүүлбэр байна. Тухайлбал, Эспэрхоёр орны цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах ажил цаашдаа улам батжиж, өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлс эн нь “Ройтерс”-ын мэдээллийг давтжээ. Үүгээр зогсохгүй, ОХУ-ын зарим мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн болгоомжлолыг лавшруулсан мэт харагдаад байгаа. Бас бэлгийн моринд Хятад Улсад цэргийн үйл ажиллагаанд оролцож байсан Жеорж Маршал гэдэг генералын нэрийг өгсөн нь сонирхолтой л юм.

АНУ-ын элчин сайдын яам юу хэлэв

Айлчлалын талаар мэдээ гаргасан бас нэг эх сурвалж бол АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам юм. Тэдний мэдээнд “АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр 2019 оны наймдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ оны долдугаар сарын 23- нд АНУ-ын Батлах хамгаалах сайдаар томилогдсноосоо хойш түүний олон улсад хийж буй анхны айлчлалын хүрээнд уг айлчлал багтаж байгаа юм. Айлчлалын үеэрМарк Эспэр болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзалт хийлээ. Батлан хамгаалахын сайд Эспэрийн энэхүү айлчлал эрх чөлөөтэй, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн төлөө АНУ тууштай байгааг дахин нотлов. Батлан хамгаалахын сайд Эспэрийн анхны гадаад айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд уулзсаны дараахан болсон нь ардчиллын хамтын үнэт зүйлс, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах хүсэл сонирхолд суурилсан АНУ, Монгол Улсын бат бэх харилцааны илэрхийлэл болж байна” гэж дурджээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлал “Эрх чөлөөтэй, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн төлөө АНУ тууштай байгааг дахин нотлов” гэдэг нь ямар учиртайг судлаачид тайлбарласан дээр байх. Харин дэлхийн хамгийн хүчирхэг гүрний Батлан хамгаалахын сайд анхны айлчлалдаа манайхыг багтаасан хийгээд Цагаан ордны уулзалтын дараахан болсныг онцолж буй нь бол том мессеж байж мэднэ шүү. Мөн ардчиллын үнэт зүйл, бүс нутгийн энх тайван зэрэг үгс нь нэг тийм бадрангуй дундын том зорилготой мэт санагдуулаад байгаа юм.

АНУ-ын батлан хамгаалахын сайд, Пентагоны тэргүүн марк Эспэр гэж хэн бэ

Дээр дурдагдсан эх сурвалжуудын мэдээллээс үзэхэд Эспэр нь 1964 онд төрсөн. АНУын Цэргийн академийг 1986 онд ерөнхий цэргийн офицероор төгсөж, цэргийн жинхэнэ албанд 10 жил, Үндэсний гварди болон армийн бэлтгэл офицероор11 жил үүрэг гүйцэтгээд, 2007 онд АНУ-ын Армиас чөлөөнд гарсан. Тэрбээр Жон Ф.Кеннедигийн нэрэмжит Удирдлагын ухааны сургуулиас Төрийн захиргаа-удирдлагын магистр, Жорж Вашингтоны Их сургуулиас Төрийн захиргааны бодлогоор докторын зэрэг тус тус хүртжээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны хүндэт медаль, Цэргийн гавьяаны одон, Хүрэл од медаль, Саудын Араб Улсаас хүртсэн “Кувейтийг чөлөөлсний төлөө”- медаль болон Байлдааны цэргийн тэмдэг зэрэг гавьяа шагналтай. 1990-1991 онд Персийн булангийн дайнд оролцож явсан эрхэм аж. Тэрбээр 2019 оны долдугаар сарын 23-ны өдөр тангараг өргөснөөр АНУын 27 дахь Батлан хамгаалахын сайд болсон. Үүнээс өмнө Батлан хамгаалахын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хуурай замын цэргийн хэрэг эрхэлсэн сайдын албыг тус тус хашиж явсан юм байна.

Ж.Баяр

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.