БНХАУ-ын Ардын банк өчигдөр үндэсний валютынхаа ам.доллартой харьцах ханшийг дахин 313 суурь нэгжээр буюу 0.47 хувиар бууруулснаар нэг ам.доллар 6.9996 юаньтай тэнцлээ. Энэ нь 2008 оны тавдугаар сарын 15-наас хойших хамгийн доод үзүүлэлтэд тооцогдож байна. Хятадын Төв банк юанийн ам.доллартой харьцах ханшийг гурав дахь өдрөө дараалан бууруулж байгаа нь энэ юм. БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн гишүүн Юй Юндин юанийн ханшийн сулрал нь Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт гаалийн татвар ноогдуулна гэсэн Америкийн эрх баригчдын мэдэгдэлтэй холбоотой хэмээжээ. Харин “China Minsheng Bank” банкны шинжээч Вэнь Бинь “Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан, улс орны Төв банкууд бодлогын хүүгээ бууруулсан. Мөн худалдааны маргаан хурцадсантай холбоотойгоор олон улсын санхүүгийн зах зээл дээр мэдэгдэхүйц хэлбэлзэл ажиглагдаж байна. Энэ шалтгаанаар юанийн ханш ч мөн зах зээлийн нөхцөл байдал болон үүнд оролцогчдын сэтгэл санааны байдалтай холбоотойгоор мэдэгдэхүйц хэлбэлзэж байна” гэжээ.
АНУ-ын Сангийн яам БНХАУ-ыг валютын манипуляц хийгч орнуудын тоонд оруулснаа өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн юм. Харин БНХАУ-ын Төв банк өнгөрсөн мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, Бээжинг ийм жагсаалтад оруулсан нь дэлхийн эдийн засаг болон санхүүгийн тогтолцоонд сөргөөр нөлөөлнө гэжээ. БНХАУ болон АНУ-ын худалдааны маргаан хурцадсантай холбоотойгоор санхүүгийн зах зээл унасны улмаас дэлхийн хамгийн баян хүмүүс олон тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Манай гарагийн хамгийн баян 500 бизнес эрхлэгчийн нийт хөрөнгийн хэмжээ 117 тэрбум ам.доллароор буурсан байна. Тухайлбал, “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос 3.5 тэрбум ам.доллар, “Louis Vuitton Moеt Hennessy” компанийн захирал Бернар Арно дөрвөн тэрбум ам.доллар, харин “Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг 2.7 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2019/08/06/investing/ asian-market-latest-yuan-currency-trade/index.html