Монголын Тулаанч нохойн холбооноос зохион байгуулж буй “Улсын аварга 2018” тулаанч нохойн тэмцээний IV тур маргааш Нисэхийн товчооноос Өлзийт орох замд 1 км газарт (хуучин Нисэхийн товчооноос цааш 1 км яваад замын баруун талд байрлах ногоон хашаанд) 11:00 цагаас эхэлнэ.
Тэмцээнд охин нохойн ангиллын -60 кг, +60 кг-ын жинд 16 шилдэг ноход өрсөлдөх юм. Дундад ази үүлдрийн болоод өөр бусад үүлдрийн найман шилдэг нохой, найман охин нохой “зодолдож” аваргаа тодруулна.
Тэмцээнд оролцох ноход хоёр сарын өмнөөс бэлтгэл сургуулилалтаа базаадаг байна. Тиймээс гөлөг байхад нь тулалдах нохдоо тулаанч болгохоор сонгон авч 3 настайгаас нь эхэлж тэмцээнд оролцуулж эхэлдэг аж.
Тулаанч нохой энгийн үед хүн, амьтан руу дайрдаггүй тайван, номхон зантай ч рингэн дээр тулалдахдаа эр зориг, эрэмгий байдлаа гаргадаг эзэд нь ярилаа.
Дундад ази үүлдрийн уугуул тулаанч ноход нь эзнээ гадны халдлагаас, мал сүргээ зэрлэг араатан амьтнаас хамгаалан тулалдаж ирсэн байдаг. Тиймээс ийм нохдын байгалиас өвлөгдөж ирсэн генийг авч хадгалж үлдэхийн тулд тэмцээн зохион байгуулдаг байна.
Финалд шалгарч үлдсэн ноход тэргүүн байрын төлөө өрсөлдөнө. Охин нохойн ангиллын +60 кг-ын жинд түрүүлж, тэргүүн байрт шалгарсан нохой 1 сая, эр нохойн ангиллын -60 кг-ын жинд түрүүлсэн нохой 3 сая төгрөгөөр шагнуулна. Супер жин болох +60 кг-ын жингээс дээш жинд өрсөлдөж түрүүлсэн нохойг Prius 20 автомашинаар шагнах аж.
Тулаанч нохдын тэмцээний тасалбар 10.000 төгрөгийн үнэтэй, амьтны дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй. Монголын Тулаанч нохойн холбоо амжилт гаргаж түрүүлсэн нохдоо гурван жилийн дараа Олон Улсын тулаанч нохдын холбооноос зохион байгуулдаг тэмцээнд оролцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.