Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын илтгэл /UPR/-ийг 2020 оны тавдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл хэлэлцэнэ. Таван жилд нэг удаа болдог уг хэлэлцүүлэгт Монголын Улсын Засгийн газар болон Иргэний нийгмийн байгууллагуудаас тус тусдаа хүний эрхийн төлөв байдлын тайлан илтгэлээ бичиж, НҮБ-т хүргүүлдэг юм.
Женев хотноо 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хэлэлцүүлгийн үеэр дэлхийн улс орнуудаас Монгол Улсын Засгийн газарт 160 зөвлөмж өгч байсан бөгөөд тэдгээрийн 156-г нь таван жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлэх үүрэг амлалтыг Монголын Засгийн газар өгч байсан билээ.
Засгийн газрын зүгээс үүрэг амлалт өгсөн тэрхүү 156 зөвлөмжийн найм нь хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн хараат бус байдал, мэдээлэл авах эрх, эрүүгийн хуульд заасан нэр төр гутаахтай холбоотой асуудлууд, интернет орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зүйл заалтууд байдаг аж.
Харин тэрхүү найман заалтын хэрэгжилт бодит байдал дээр ямар байгааг сэтгүүлчид , хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллөөс асууж тодруулах уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр Глоб Интернэшнл ТББ-аас хийлээ.
Уулзалт хэлэлцүүлэгт МҮОНТВ, LIVETV, Монгол ТВ, Өдрийн сонин, NTV телевизийн сэтгүүлчид оролцож, сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагуудад хараат бусаар эрх чөлөөтэй ажиллахад тулгамдаад байгаа асуудлуудын талаар жишээ баримттай ярилцаж, санал бодлоо илэрхийллээ.
Уулзалтад оролцсон сэтгүүлчид хууль шүүхийн байгууллагад шийтгүүлнэ гэх айдасгүйгээр, хараат бусаар, эрх чөлөөтэй ажиллах боломжийг Зөрчлийн хуулиар хорьсон, сэтгүүлчдийн олон нийтэд дэлгэсэн баримт материалыг хууль сахиулах байгууллагынхан огт хэрэгсдэггүйгээр барахгүй харин ч тэрхүү нийтлэл нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлчийг элдвээр дарамталж, эх сурвалжаа илчлэхийг шаардах, цаашлаад их хэмжээний торгууль оногдуулж хохироож буй асуудлыг хөндөн ярьж байв.
Мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй, шүүх байгууллага иргэний нэр төрийг гутаахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ мэргэжлийн бус байгааг Иргэний нийгмийн байгууллагаас НҮБ-д хүргэх саналдаа онцлон тусгахыг хүслээ.
Монгол Улсын Засгийн газар олон улсын өмнө өгсөн үүрэг амлалтаа хэрэгжүүлж чадаагүй гэдгээ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хэлэлцүүлгийн үеэр хамгаалж чадахгүй бол туйлын ичгэвтэр байдалтай харагдах нь тодорхой юм.