Улаанбаатар хотод хоёр дахь удаагаа зохиогдох гэж буй "ULAANBAATAR PRO" жюүжицүгийн олон улсын тэмцээн насанд хүрэгчид, өсвөр үе, мастерс гэсэн ангиллаар маргааш зохион СТО-нд болно. 10 орны 370 тамирчин оролцох уг тэмцээний өчигдөр эхэлсэн сургалт, семинар МУБИС-ийн БТС-ийн 108 тоот зааланд үргэлжилж буй.
Сургалтанд Монгол, ОХУ, БНХАУ, АНУ, Англи, Япон зэрэг улсуудаас оролцож байгаа аж. Сургалтыг Ральф Грэйси академийн дасгалжуулагч АНУ-ын иргэн жюүжицүгийн хар бүс III дантай Дэвид Кладан, Бразил улсын иргэн жюүжицүгийн хар бүс V дантай Эдуардо Фрага нар удирдан явуулж байна.
Улаанбаатар олон улсын тэмцээнд өрсөлдөх тамирчдын сугалаа гарчээ. Ямар улсын тамирчин хэнтэй учраа таарсныг дараах https://events.uaejjf.org/en/event/131/schedule линкээр орж үзэж болох нь.
Сонирхуулахад, Монголын жюүжицү бөхийн холбоо тэмцээнд амжилттай оролцдог тамирчдаа ирэх жилийнхээ төлөвлөгөөнд оруулж, 2018 оны нэгдүгээр сараас эхлэн АНУ-д гурван сар туршлага солилцуулан бэлтгэл сургуулилалт хийлгэхээр болжээ. Тамирчдаа ийн бэлтгэл базаалгаж байгаа нь Арабын нэгдсэн Эмират улсад жил бүр зохион байгуулагддаг Азийн нээлттэй тэмцээнд амжилт гаргуулах зорилготой аж.
Өмнө нь тус тэмцээний цагаан бүсний эрэгтэйчүүдийн мастерс хоёр ангиллын 69 кг-ын жинд олны танил уран бүтээлчдээс "Garuda” клубын тамирчин, "ТВ коктейль" хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Тэгвэл энэ удаагийн тэмцээнд оролцох Өөскөгийн жинд ОХУ, БНСУ-ын хүчтэй өрсөлдөгчид байгаа гэнэ. Жүжигчин залуу энэ спортоор гурав дахь жилдээ хичээллэж буй. Тэрбээр анх жюүжицүгийн тамирчдын тухай өгүүлсэн кино үзэж, мөн эрүүл мэнддээ анхаарч энэ спортод сонирхолтой болж байжээ.