Төв аймгийн Иргэний анхан шатны шүүхэд хүрэлцэн ирсэн өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.
-Та хэнийг өмгөөлж байна?
-Энэ нууцын зэрэглэлтэй хэрэг. Шүүгдэж байгаа есөн хүний нэгийг өмгөөлж байна. Хэрэгсэхгүй болно гэсэн байр суурьтай байгаа.
-Эрүүдэн шүүсэн бичлэгүүд нь ил болчихлоо. Ийм байхад яахаараа хэрэгсэхгүй болдог юм бэ?
-Эрүүгийн хуулийн 3.2-т байдаг ижил төсөөтэй ашиглахыг хориглосон заалт. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх гээд зохицуулалт байгаа юм. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүгээд байгаа хүн нь хоригдол Ц.Амгаланбаатар байгаа шүү дээ. Ийм байсаар байхад иргэдэд буруугаар таниулж болохгүй л дээ. Эрүүгийн хуулинд зааснаар хэрэв зодож хэрэг хүлээлгэсэн бол сахилгын шийтгэл хүлээнэ гэсэн заалттай. Амгаланбаатар, Итгэлтөгс нар сахилгын шийтгэл хүлээх ёстой. Гэтэл энэ хүмүүс нь хариуцлага хүлээхгүй, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нар буруудаад явж байна.
-Хүмүүсийг эрүүдэн шүүх боломжийг албаны хүмүүс олгосон шүү дээ?
-Олгосон гэдгээ нотлох хэрэгтэй.
-Эрүүдэн шүүж байгаа өрөө рүү нь оруулна гэдэг чинь олгосон гэсэн үг шүү дээ?
-Нэг зүйлийг ойлго. Энд мөрдөн байцаах ажиллагаа явагдаагүй. Энд тагнуулын үйл ажиллагаа явагдсан.
-Хэргийг нээлттэй явуулах боломжтой юу?
-Саналаа орж тавина. "Маш нууц" гэсэн нэрийн дор хүнийг хэлмэгдүүлэх зүйл явагдаж магадгүй байна гэдгийг өмнөх хурал дээр хэлсэн.
-Долоо хоногийн өмнө урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Нотлох баримт хангалттай, шүүх хуралдаан болоход асуудалгүй гэж үзэж байна уу?
-Хангалттай учраас үндсэн шүүх хуралдааныг хийж байгаа гэж ойлгож байгаа.