Төрийн соёрхолт дуучин Д.Болд АНУ-ын хотуудаар аялан тоглолт хийж байгаа. Тэрээр энэ сарын 13, 14-нд өдөр Чикаго хотын H.O.M.E клубд тоглосон. Гэтэл энэ нь зарим хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн байна. Энэ тухай АНУ-д сүүлийн 10 жил амьдарсан Ганхуяг гэх залуу өөрийн youtube хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлжээ.
АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хувьд хамгийн ихээр оршин суудаг газрын нэг бол Чикаго хот. Тус хотод амьдардаг монголчууд 18 дахь жилдээ Үндэсний их баяр наадмын зохион байгуулж байгаа юм.
Чикаго хотын наадмыг зохион байгуулагч залуусын хувьд хоёр сарын өмнөөс 13-ны өдрийн орой нь томоохон шоу тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн байтал дуучин Д.Болд яг энэ өдөр нь тоглолтоо хийхээр зарласан байна.
Үүнээс болж Чикаго хотын залуусын төлөвлөсөн шоу тоглолт цуцлагдсан тул Ганхуяг гэх залуу өөрийн youtube хуудсаараа дамжуулан “Монголчуудынхаа төлөө арга хэмжээ зохион байгуулж байгаа хэдэн залуусын хөдөлмөрийг Монголын супер од хүрч ирээд ууцыг нь хугалчихлаа. Наадмыг зохион байгуулах ажилд багагүй хэмжээний мөнгө төсөв гардаг тул ашиг олохоосоо илүү гаргасан зардлаа олохын тулд наадмын орой нь шоу тоглолт хийх гэж байтал дуучин Д.Болд тэр өдөр нь тоглолтоо хийсэнд бухимдалтай байна. Гадаадад байгаа монголчуудаа хүндлээч гэмээр байна” гэсэн юм.